МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 79 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


 
 
Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Газрын тосны салбарын түүхт 79 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олон, газрын тосны инженер техникийн ажилтнууд, эрдэмтэд, судлаачид салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадуудаа, нийт ажиллагсдад хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улс 1923 оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд газрын тосны хайгуул, судалгааны ажил Монгол оронд өрнөж эхэлсэн 1941 оноос газрын тосны салбарын хөгжлийн түүхийн хуудсыг тоолж эдүгээ 79 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 25 талбайд 21 компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс 2010 онд Дорнод аймгийн нутагт орших Тосон-Уул XIX талбайн газрын тосны нөөцийг тогтоож, газрын тос олборлогч орон болсоноо дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэн ажилласны үр дүнд газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийт 6.6 сая баррель / 0.9 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 266 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь газрын тосны салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл юм.
Түүнчлэн өнгөрсөн онд манай улс 2,0 сая тонн шатахуун хэрэглэжээ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч үндэсний компаниуд хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, Монгол орныг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай тасралтгүй хангаж байна.
Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр газрын тосны боловсруулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэн, 2024 онд ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтыг эхлүүлж, өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан дэд бүтцийг барьж дуусгаад байна.
Дээрх түүхэн амжилтууд нь монголчууд бид газрын тосны салбарт хэдийнээ дадлагажин, мэргэшиж, олон инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай болж, энэ салбарыг жил ирэх бүр хөгжүүлэн дэлгэрүүлэх чадамжтай болсны баталгаа юм. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн хөдөлгөгч хүч болсон эрхэм газрын тосны салбарынхан та бүхэндээ дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсье!
ХҮНДЭТГЭСЭН
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
УУХҮ-ийн САЙД Д.СУМЪЯАБАЗАР
 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 600
Өчигдөр 3848
Нийт 5103306