“Алт-2” хөтөлбөр


“АЛТ-2” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

 

“Алт-2” хөтөлбөрийн төслийг “Хөгжлийн бодлогын тухай хууль”-д заасны дагуу Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлж байна.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д үндэслэн, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд “Алт хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх нь салбарын болон улс орны нэн тэргүүний зорилт болж байна.

Хөтөлбөрийн төслийг дээрх журамд нийцүүлэн боловсруулахдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, түүнийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхой болгож, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан болно.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын алт үйлдвэрлэлийн салбарын дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, хууль эрх зүй, татварын орчинг тогтвортой байлгах, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах замаар алтны үйлдвэрлэлийг тогтвортойгоор нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжсэн алт олборлох, боловсруулах тэргүүний техник технологи, менежмент нэвтрүүлэх, алт үйлдвэрлэлийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд оршино.

Энэхүү зорилтын хүрээнд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хугацаатай уялдуулан дараах үе шаттай ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1-р үе шат: Бэлтгэл үе 2016-2017 он

2-р үе шат: Эрчимжилтийн үе 2018-2020 он

3-р үе шат: Тогтворжилтын үе 2021-2025 он

Бэлтгэл үед алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр алтны нөөц өсгөх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох ажиллагааг цэгцлэх ажлууд хийгдэнэ.

Эрчимжилтийн үед хөрөнгө оруулалт сайжирснаар алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө. Үүнтэй уялдуулан бүртгэлийн системийг бүрдүүлснээр нөөцийн хөдөлгөөний мэдээлэл болон хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулснаар байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг стандартад нийцүүлэн гүйцэтгэх иж бүрэн системийг бий болгоно, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулна.

Тогтворжилтийн үед алтны үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшин дээшилж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төсвийн болон экспортын орлого нэмэгдэнэ. Ирээдүйд ашиглах нөөц түрүүлэн бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний алт үйлдвэрлэлийн салбарын хууль эрх зүйн орчинг тогтворжуулснаар алтны хайгуул, олборлолтын хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдэд санхүү, хөрөнгө оруулалтыг татаж, алтны нөөц, баялагийн санг арвижуулан, алт олборлолтын хэмжээ тогтвортойгоор нэмэгдэнэ.

Алтны борлуулалтын болон экспортын орлого нэмэгдэж, үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэн, төгрөгийн ханш тогтворжиж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад алт үйлдвэрлэлийн салбар ихээхэн хувь нэмэр оруулах болно.

Алтны олборлолтын хэмжээ тогтворжиж, жилд дунджаар олборлох алтны хэмжээг тогтвортойгоор 2-3 тонноор нэмэгдүүлснээр 25 тн-д хүргэнэ.

Хөтөлбөрийн хугацаанд жилд дунджаар ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр хэлбэрээр 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төсөөлөлтэй байна.

Алтны олборлолт, боловсруулалт, хүний эрүүл мэнд, байгаль орчин, уурхайн хаалтын менежментийн дэвшилтэт техник, технологи, аргачлал, олон улсын тэргүүн туршлага нэвтрүүлж, алтны хаягдлыг багасган, алтны уурхайн талбайг стандарт хэмжээнд нөхөн сэргээж, уурхайн хаалтыг хийдэг болно.

Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулснаар алтны олон улсын зах зээлд шууд борлуулах, үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, жижиг болон дунд үйлдвэрлэл хөгжиж шинээр ажлын байр бий болно.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2945
Өчигдөр 4227
Нийт 2217140