УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав


 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв, 2017-2031 он хүртэл ажиллах үндсэн чиглэлтэй танилцлаа.  
Ажлын хэсэгт Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх болон холбогдох мэргэжилтнүүд багтав.
 
 
Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар улсын төсөвт 250 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, энэ оны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж өгсөн жилийн ашгийн төлөвлөгөөг биелүүлэн ажиллажээ. “Эрдэнэт” үйлдвэрийг дараагийн 15 жилд ажиллуулах концепцийг боловсруулж нарийвчлан нягтлах ажил хийгдэж байгаа тухай “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. Тус концевци нь эрдэс баялагийн нөөцөө өсгөх замаар үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах төсөл юм. Дээрх төсөлд өнгөрсөн хугацаанд хийгдсэн геологийн үйлчилгээ, ашиглалтын хайгуул, сүүлийн жилд хийгдэж байгаа өрөмдлөгийн ажил багтсан бөгөөд энэ жилийн төлөвлөгөөт ажлаа хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. Ойрын хугацаанд Засгийн газар, УУХҮЯ, хувьцаа эзэмшигчиддээ танилцуулна гэж мэдээллээ. 
Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллах боломжтой гэсэн тооцоолол бий ч 60 жил ажиллах боломжтой урьдчилсан тооцоо хийгдээд байна.  Үйлдвэрлэл эхэлснээс хойш 370 метрийн гүн олборлолт хийсэн бол цаашдаа 300 метр буюу карьерийн гүн 700 метрт хүрч ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Мөн Конвиерын системийг нэвтрүүлэх төсөл явагдаж Баяжуулах үйлдвэрлэлийн төсөл үргэлжлэн хийгдэнэ. Цаашид Засвар механикийн заводыг Монгол Улсын хэмжээний засвар механикийн завод болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн үүсмэл ордыг ашиглах эрхзүйн орчин бүрдсэнтэй холбогдуулан бага агуулгатай хүдрийг боловсруулан байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уусгах технологоор ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулан ажиллаж байна. Үүний үр дүнд нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн бий болгох боломж бүрдэх юм.
 
 
Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэлэхдээ “Үйлдвэрийн зарим цех хэсгийг дотоод тооцооны зарчимаар ажиллуулж тодорхой эрх мэдэл олгох байдлаар ажиллуулах нь илүү үр өгөөжтэй” байж болох талаар саналаа илэрхийллээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бага зардлаар зэс олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгааг сайшаан, цаашид гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл хүнд үйлдвэрлэлийн салбар жинхэнэ утгаараа хөгжиж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой чадварлаг боловсон хүчин Монгол Улсад байгааг онцолсон хэлсэн юм. 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг яамны бодлоготой уялдуулан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  
 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1727
Өчигдөр 1874
Нийт 478697