Д.Даваадорж: “Тогтвортой бичил уурхай” төслийн бичил уурхай дахь сайн туршлагууд журам шинэчлэгдэхэд их үр дүн өгсөн


Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадоржтой ярилцлаа.
 
-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
 
-Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг анх баталсан байдаг. Гэвч энэхүү журам хэрэгжих явцад зарим зохицуулалт дутуу, тэр бүрчлэн амьдралд нийцэхгүй зэрэг эргэж хармаар хүндрэлтэй асуудлууд олон гарснаар журмын хэрэгжилт төдийлөн хангагдахгүй байсан. Журмыг шинэчлэн батлах эрх зүйн болон практик хэд хэдэн шаардлага байсны дагуу Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, чуулганууд зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэж 2017 оны тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн батлаад байна.
 
-Тухайлбал, ямар өөрчлөлтүүд орсон бэ? 
 
-Дээрх хэлэлцүүлэг, чуулганаас гарсан санал, зөвлөмжид тоног төхөөрөмжийн болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн асуудлууд гол төлөв хөндөгдөж байсан бөгөөд энэ асуудлуудыг одоогийн нөхцөл байдалд хэрхэн нийцүүлж сайжруулахад анхаарал хандуулж ажилласан. Бид тоног төхөөрөмжийн хүчин чадлыг долоо дахин ихэсгэсэн, гэхдээ энэ нь зөвхөн Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны хэлбэрт орсон хуулийн этгээд ашиглаж болохоор зааж өгсөн. Энэ нь цаашид хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг албажуулан хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлнэ гэж үзэж байна. 
 
Мөн журамд орсон нэг том өөрчлөлт бол аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүргийг нэмж оруулсан бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттойгоо уялдуулан бичил уурхайн бүсчилсэн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажиллана гэсэн үг. Мөн аймгаас нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах нь хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх бөгөөд Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай шууд харьцах нь хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.
 
-Шинэчлэгдсэн журам гарснаар бичил уурхай эрхлэгчдийн эрхзүйн орчин нэлээд сайжирсан байх?
 
-Анх журам гарсан зорилго нь тухай орон нутгийн ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэж байсан, одоо ч энэ нь хэвээрээ юм. Том уурхайгаас ялгаатай бөгөөд бичил уурхайд их хэмжээний орлого, ашгийн тухай ярьдаггүй. Хуулийн хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж ажиллах нь тухайн орон нутгийн ажилгүй иргэдийн хувьд нийгмийн халамж, хамгаалал, төрийн үйлчилгээг авах эхний алхам болно гэдгийг бичил уурхай эрхлэх хүсэлтэй иргэд маш сайн ойлгох хэрэгтэй бөгөөд журмын бас нэг зорилго юм.
 
-Бичил уурхайчдыг үнэмлэхжүүлэх асуудал яригдаж байна. Үнэмлэхжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?
 
-Тухайн сумын Засаг дарга бичил уурхайн ажилтнуудад үнэмлэх олгохоор журам, дүрмээр зохицуулж өгсөн байгаа. Үнэмлэх олгосноор тухайн орон нутагт бүртгэлтэй бичил уурхайн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон иргэд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ямар нэгэн хяналт, шалгалтын үед тухайн талбайд ажиллахад ямар нэгэн айх юмгүй ажиллана гэсэн үг. Нөгөөтээгүүр үнэмлэх авснаар бүртгэлд хамрагдаж нийгмийн халамж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, албан ёсны бичил уурхайн ажилтан болно.
 
-Бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл, хоршооллын бүтцэд орж ажиллаж байгаа. Энэ хэрээрээ тоног төхөөрөмжийн хүчин чадал нь нэмэгдэж байгаа юу?
 
-Дээр дурдсан зөвхөн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон нь тоног төхөөрөмж ашиглаж болно. Бүртгэгдээгүй нөхөрлөлийн хувьд боломжгүй.
 
-Бичил уурхай эрхлэгчид өөрсдөө ашигт малтмал олборлох газраа сонгох ёстой юу?
 
-Нөхөрлөл, хоршоо нь тухайн талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлөө сум, дүүргийн Засаг даргадаа гаргах бөгөөд тухайн талбайн талаарх мэдээллийг сум, дүүргийнхээ Засаг даргын тамгын газраас авч болно. Шаардлага хангасан өргөдлийг сум, дүүргийн Засаг дарга судалж үзээд аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
 
Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн аймаг, нийслэлийн бичил уурхайн бүсчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт талбайн дүгнэлт гаргуулахаар ирүүлэх бөгөөд бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эсэхээ аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэхээр журамласан байгаа.
 
-Тэдэнд тавигддаг нэг чухал асуудал бол нөхөн сэргээлт. Нөхөн сэргээлтийн ажлыг хэр хийж байна?
 
-Энд нэг зүйлийг тодруулан хэлье. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид болон хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлогч хоёр бол зарчмын тэс ондоо ойлголт. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтад орсон бичил уурхайчид маань нийт 220 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэсэн дүн мэдээ бий. Ер нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайг хууль бус буюу бидний хэлдгээр "нинжа” нар эвдэж, орхиж явсан байдаг. 
 
Түүнээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу, бичил уурхайчид гэрээний үүргийнхээ дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг.
 
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хувьд сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулахын өмнө нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тухайн сум, дүүргийн байгаль орчны улсын хяналтын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж хавсаргах бөгөөд энэ нь гэрээний салшгүй нэг хэсэг байхаар зааж өгсөн. Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлах, дахин тэр нөхөрлөл, хоршоотой гэрээ байгуулахгүй.
 
-Бичил уурхай эрхлэгчидтэй байгуулсан гэрээ цуцлагдсан ч нөхөн сэргээлтийг хийлгэж, хүлээж авах уу?
 
-Гэрээ цуцлах нь нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд энэ талаар журамд болон гэрээний загварт нарийн тусгасан. Гэрээ байгуулахын өмнө нөхөн сэргээлтийн дундын санд нөхөн сэргээлтийн зардлыг төвлөрүүлсэн байх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар орхиод явсан тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгөөр нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ.
 
-Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа. Тэд улсад татвар төлдөг үү?
 
-Маш зөв асуулт байна. Хуучин орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэх иргэний албан татварын тухай хуулиар бичил уурхай эрхлэгчид сар бүр 53 мянган төгрөгийн татвар төлдөг байсан хэдий ч энэ хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчингүй болсон. Ашигт малтмал олборлож тодорхой хэмжээний орлого олж байгаа иргэд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу төлж, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Мөн нөхөрлөл, хоршооны хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх шаардлагатай.
 
-Мөн бичил уурхай эрхлэгчид олборлосон алтаа заавал нийслэлд авч ирж, Монголбанкинд тушаах эсвэл ченжүүдэд өгөх гэсэн хоёр сонголттой байдаг. Энэ нь тэдэнд их хүндрэлтэй байдаг юм шиг санагдсан. Үүнийг зохицуулж байгаа юу?
 
-Журамд олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу борлуулахаар тусгасан, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ашигт малтмалыг борлуулахдаа тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхээр зааж өгсөн.
 
-Орон нутагт төв банкны салбар байсан ч сорьцын асуудал тулгарах нь дамжиггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
 
-Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг төвлөрсөн аймаг, суманд байгуулахаар Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын албатай хамтран ажиллаж байна.
 
-Өнгөрсөн хугацаанд Монголбанкинд алт тушаах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юу. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар аж ахуйн нэгжүүд татвараас зугтааж, иргэнээр тушаадаг гэж ярьдаг. Энэ үнэхээр байдаг асуудал уу?
 
-Өнгөрсөн жилийн Монголбанкинд тушаасан алтны 60 гаран хувь нь иргэдээр тушаагдсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкны эрдэнэсийн санд худалдах үүрэгтэй байдаг бөгөөд Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд хуралдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэнээр Монголбанкинд алтаа тушааж байх магадлалтай, бид энэ асуудлыг судалж байгаа.
 
-Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй "Тогтвортой бичил уурхай” төсөл маш үр дүнтэй байгаа гэсэн. Энэ талаар ярьж өгөхгүй юу?
 
-ШХА-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Тогтвортой бичил уурхай” төсөл 2005 оноос өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Бичил уурхайн талаар эрх зүйн орчны асуудлыг шийдвэрлэхэд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж ирсэн. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулахад тэдний бичил уурхай дахь сайн туршлагууд их үр дүнгээ өгсөн гэж боддог.
 
 
Эх сурвалж: Монголын мэдээ 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1617
Өчигдөр 1874
Нийт 478587