Уул уурхайн бодлогын үзэл баримтлалын үнэлгээ хөрөнгө оруулалтыг татахад хөшүүрэг болно


“Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” (ЗГХФ)байгууллагаас Монгол Улсын уул уурхайн бодлогын үзэл баримтлалд үнэлгээ хийж, тайлангаа монгол хэлээр хэвлүүлжээ. Тайлангийн үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.

Дэлхийн 56 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын форум Монгол Улс дахь үнэлгээгээ 2016 оны наймдугаар сараас эхэлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг талуудыг хамруулан бичиг баримтын судалгаа, баталгаажуулах уулзалт, сургалт бүхий гурван үе шаттайгаар хийсэн байна.

Үнэлгээний ажлын хэсэг манай улсын уул уурхайн хууль тогтоомж, бодлогын үзэл баримтлалд хэд хэдэн чухал давуу тал байгааг олж тодорхойлсон нь тус салбарт хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг сэргээхэд ихээхэн хөшүүрэг болох юм.

Тухайлбал Монгол Улсын уул уурхайн салбарт, төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудын аль алинд нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн олон тооны боловсон хүчин ажиллаж байгааг, мөн уул уурхайн компани болон нутгийн засаг захиргааны хооронд байгуулагдах загвар гэрээний нөхцлүүдийг баталсан нь салбарын үр өгөөжийг хүртээмжтэй болгоход чухал хөшүүрэг гэж сайшаажээ.

Түүнчлэн аймаг, сумын түвшинд талуудыг оролцуулсан зөвлөл байгуулагдах явдал нийтлэг болж байгаа нь энэ салбартай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх чухал механизмыг бүрдүүлж байна хэмээн талууд үзэж, Монгол Улс эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийг идэвхтэй дэмжиж байна хэмээн үнэлжээ.

Зарим талаар “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”-ыг 10 орчим жилийн турш хэрэгжүүлсний үр дүн байж болох татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдлын түвшин нь манай давуу тал болж байна. Мөн Швейцарийн “Тогтвортой Бичил уурхай” төсөл болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газраас бичил болон жижиг хэмжээний уурхайн эрх зүйн байдлыг уул уурхайн хууль тогтоомждоо тусгахыг зорьж байгааг тус тайланд сайшаав.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээл, салбартаа тулгамдаж буй асуудлууд, бодлогын сул талуудаа засах зорилгоор Уул уурхайн тухай шинэ хууль батлуулахаар ажиллаж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг ЗГХФ сайшаагаад дараах зүйлст анхаарлаа хандуулахыг сануулсан байна.

Усны нөөц зэрэгт нөлөөлж болзошгүй уурхайгаас гарч байгаа өндөр эрсдэл бүхий, их хэмжээтэй хаягдлын менежмент болон уурхайн хаалтын менежментийн дутагдалтай байдал нь үнэлгээний багийн тайландаа дурдсан сул талуудын нэг юм. Мөн татварын нэгдсэн тайланд аудит хийх, шилжүүлгийн зардал, ашиг хүртэгч эзэдтэй холбоотой болон асуудлуудыг шийдвэрлэх төрийн байгууллагуудын чадавхийн дутагдалтай талыг дурджээ. Мөн орон нутгийн орлого, үр өгөөжийг илүү оновчтой болгох асуудлыг болон Монгол Улсад чухам ямар ашигт малтмалын ордыг “стратегийн ач холбогдолтой ашиг малтмалын орд” гэж ангилах шалгуурууд нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг үнэлгээний багийнхан онцолсон байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1599
Өчигдөр 1874
Нийт 478569