Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах хурал боллоо


Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

1.    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, татварын өөрчлөлт, шатахууны  үнийг тогтвортой байлгах талаар авах арга хэмжээ.

2.    Цаашид шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар баримтлах бодлого, авах арга хэмжээ.

3.    “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөл”-ийн үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэж батлахаар тогтов.

            Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын өөрчлөлтийн асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд сүүлийн 8 сарын хугацаанд 3 удаа бууруулаад байсан Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 07, 10 дугаар саруудаас эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсан билээ. Харин шатахууны хэрэглээ нэмэгддэг 08, 09 саруудад өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор шатахууны нөөцийг бүрдүүлэх мөн намрын ургац хураалт, уринш боловсруулалтын дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай учраас  онцгой албан татварыг нэмэгдүүлэх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс болгох саналыг Хамтарсан Зөвлөлөөр хэлэлцэв. 

Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов. Үүнд:

1.    Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хамтран  хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр Сангийн яамнаас боловсруулан ирүүлсэн “Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” төслийг хэлэлцэн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж 07 сарын 20-ны өдөр болгох шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.   

2.    Монголын газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн холбоо, ассоциаци, шатахуун импортлогч компаниудад “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээ 2017 оны 07 сарын 20-ний өдрөөс нэмэгдэх хэдий ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдан шатахууны хилийн үнэ хямдарсан, мөн дотоодын валютын ханш тодорхой хэмжээгээр буурсан шалтгаануудыг харгалзан хэрэгчлэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлган нэмэгдүүлэхгүй байх, шатахууны нөөц бүрдүүлэх” талаар арга хэмжээ авч ажиллах.

3.    Цаашид шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд нөөц бүрдүүлэх зорилгоор шатахуун импортлон борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хөнгөлөлттэй зээл олгох талаар Монгол банк, Сангийн яамтай ярилцах, мөн шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шатахуун экспортлогч улсуудтай Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр хийж холбогдох арга хэмжээг зохион байгуулах. зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

ДЭД САЙД                                                   Д.ЗАГДЖАВ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3280
Өчигдөр 2208
Нийт 789209