Монголын геологичдын ажил мэргэжлийн уралдаан-2017


Монголын Геологичдын ажил мэргэжлийн зургадугаар уралдаан Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт Олон дов гэдэг газарт энэ сарын 06-наас 09-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уралдааныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), геологи шинжилгээний “Алтай нэгдэл” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Геологийн төв лаборатори, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Монгол Улсын өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулсан байна.

Жилийн турш хээрээр гэр, хэцээр дэр хийж, унтах амрахаа умартан эх орныхоо эрдсийн санг арвижуулахаар явдаг геологичдын хувьд хоёр жил тутмын энэхүү арга хэмжээ нь танилцаж нөхөрлөх, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцох нэг ёсны “Геологичдын наадам” ажээ. Монголын геологийн салбарын шинэ үеийн төлөөлөл болсон “Их цог өндөр”, “Минторес”, “Алтайн хар азарга”, “Дарханмянгадар уул”, “Монкаротаж”, “Татах хүч”, зэрэг 30 орчим компани, улсын үйлдвэрийн газар оролцож, геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн гурван төрлөөр мэргэжлийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорив.

Оролцогч багууд “Өвөрхангайн Тэрэлж” гэгдэх Олон довын чулууд, Онги голын хөвөөнөө хээрийн ангийн зохион байгуулалтаар гал болон буудаллаж, өөрсдийн таних тэмдэг бүхий туг, хувцсаар ижилссэн нь өнгө нэмжээ.

Гурван үеийн геологичдын цугларалт болсон уг арга хэмжээнд Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, доктор Ч.Хурц, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Чулуун, доктор Л.Дүгэржав, Я.Ариунчимэг, Б.Дэлгэрцогт, П.Дугараа, С.Жаргалан тэргүүтэй манай геологийн салбарын нүүр царай болсон эрдэмтэн судлаачид, багш нар оролцлоо.

Уралдааны хоёр дахь өдөр салбарын эрдэмтэд илтгэл тавьж, УУХҮЯ, АМГТГ-ын удирдлага, мэргэжилтнүүд эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого шийдвэрээ танилцуулж, геологичдынхоо дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Баярхангай “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого, геологийн судалгааны өнөөгийн байдал” сэдвээр, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал “Геологичдын ажил мэргэжлийн уралдааны түүхэн замнал” сэдвээр мэдээлэл өгөв. Түүнчлэн ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн доктор Ч.Ичинноров “Эртний амьтан, ургамлын дээжлэлт хийх арга, аргачлал” сэдвээр, доктор Л.Гэрэлцэцэг “Монгол орны кайнозойн хурдсын ангилал, тархалт” сэдвээр илтгэл тавьж, АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ахлах ажилтан Н.Мөнхбилэг “Монгеокат” системийн танилцуулгыг хийлээ.

Ажил мэргэжлийн уралдаанд Сангийн яам, Монгол Улсын их сургууль, Монголын Стратиграфийн комисс, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо, Дорнод монголын хайгуулчдын холбооны төлөөлөгчид болон Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга С.Дамдинпүрэв нар оролцонүг хэлж, ажил үйлсээ танилцуулав.

Уралдааны хаалтын үеэр геологичдын хөдөлмөрийг үнэлэх Засгийн газрын үнэлэмж болох “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр Монголын геологийн холбооны геологич Х.Батзориг, “Их цог өндөр” ХХК-ийн ахлах геологич Т.Идэрмөнх, “Судалт мана” ХХК-ийн геологич Л.Адъяасүрэн, Ц.Заяабаяр нарыг шагнав. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр геологич Г.Баттөмөрцоож, Л.Батзориг, Г.Ганзориг, Х.Хөвсгөлдалай, Д.Өгөөдэй, Б.Төртогтох, Э.Ангарагбат нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн тушаалаар шагнаж, урамшуулсныг АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал гардуулав.

Ийнхүү энэ жилийн уралдааныг амжилттай зохион байгуулж, хээрийн ангийн жишээг үлгэрлэн харуулсан “Алтай нэгдэл” ХК-ийн хамт олонд оролцогч бүхэн талархалтай байж, ажилд нь амжилт хүсэж байлаа. 

УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД

Геологийн зураглалын төрөлд 11 компанийн 12 багийн 36 инженер техникийн ажилтан оролцсоноос:

1-р байрт “Судалт мана” ХХК (Д.Өгөөдэй, Л.Адъяасүрэн, Э.Ангарагбат)

2-р байрт “Гурван талст” ХХК (Г.Ганбаяр, Н.Отгонбаяр, Б.Лувсандагва)

3-р байрт “Алх чулуу” ХХК (Х.Хөвсгөлдалай, Х.Мөнх-Оргил, Н.Төмөрсүх) оров.

Геологичдын ажил, мэргэжлийн уралдааны эрлийн ажил төрөлд 6 компанийн 7 багийн 21 инженер техникийн ажилтан оролцсоноос:

1-р байрт Геологийн судалгааны төвийн нэгдүгээр баг (Г.Мөнхзул, Д.Даваасүх, Г.Хонгорзул)

2-р байрт “Алх чулуу” ХХК (Б.Цагаанбаатар, Д.Адъяасүрэн, Б.Батром)

3-р байрт “Терра сийд” ХХК (Б.Насандэлгэр, Ц.Хулан, Н.Бадам) оров.

Геофизикийн ажил төрөлд 9 компанийн 7 багийн 37 инженер техникийн ажилтан оролцсоноос:

1-р байрт “Гео-Орон” ХХК (Ц.Түдэв, М.Отгонбаяр, Ч.Энхсайхан)

2-р байрт МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхим (Ц.Баатарчулуун, Б.Дариймаа, Д.Хадбаатар)

3-р байрт “Геосигналс” ХХК (С.Амартүвшин, Н.Дашням, Х.Батдорж) оров.

Ажил мэргэжлийн уралдааны уламжлалт төрлүүдийн нэг нь шилдэг залуу геологичдыг тодруулж, залгамж үеэ урамшуулан дэмжих явдал ажээ. 2017 оны “Эрлийн залуу шилдэг геологич”-оор Геологийн судалгааны төвийн Д.Отгонбаатарыг тодруулж, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо нэрэмжит шагналаа олгосон юм. Мөн “Зураглалын шилдэг залуу геологич”-оор “Минторес” компанийн Д.Ууганбаярыг шалгаруулж, МГХ болон доктор, профессор В.Балжинням агсны үр хүүхдүүд шагнасан бол “Геофизикийн шилдэг залуу геологич”-оор Б.Энхбаатарыг нэрлэж, Монголын геофизикчдийн холбоо шагналаа.

Хээрийн цай, Ховдын тарвас, халуун яриагаар хачир нэмсэн уралдааны оролцогчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөнөөс гадна үндэсний бөхийн барилдаан, шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр хүч бяраа сорьсон билээ. Хүчит бөхийн барилдаанд 32 “геологич” бөх зодоглож ид хаваа гайхуулснаас “Даш маг инж” ХХК-ийн залуу бөх Б.Баттогтох түрүүлж, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын бөх Д.Отгонбаатар үзүүрлэж хурсан олон геологичдоо баясган цэнгүүлэв. Манай геологичид ажил мэргэжлээс гадна спортын тэмцээнд дуртай, жинхэнэ тамирчид болохоо харууллаа.

Спортын тэмцээний шагналтнууд:

Шатрын төрөлд

1-р байрт “Дипирамид” ХХК-ийн Г.Билгүүн

2-р байрт “Гео-Эрин” ХХК-ийн С.Мөнгөншагай

3-р байрт “Алх чулуу” ХХК-ийн Х.Хөвсгөлдалай

Гар бөмбөгийн холимог багийн төрөлд

1-р байрт “Эрээн чулуу” ХХК-ийн баг

2-р байрт “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын баг

3-р байрт “Алтай нэгдэл” ХК-ийн баг

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд

1-р байрт “Судалт мана” ХХК-ийн баг

2-р байрт “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын баг

3-р байрт “Алтай нэгдэл” ХК-ийн баг

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд

1-р байрт “Эрээн чулуу” ХХК-ийн баг

2-р байрт “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын баг

3-р байрт “Гео-Эрин” ХХК-ийн баг

УРАЛДААНЫ ТҮҮХЭН ХУУДАС

Геологийн салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, геологийн судалгааны ажилд ашиглаж буй шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлага зэргийг харилцан солилцуулах, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд таниулах зорилготой энэ уралдааны түүх Монголын геологийн албаны 60 жилийн ой тохиосон 1999 оноос эхтэй ажээ. Үүнд:

Анхдугаар уралдаан 1999 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт гүйцэтгэж байсан ШУТИС-ийн багш Д.Чулуун, Ч.Минжин нарын ахлагчтай “Цагаандэлгэр-50” төслийн талбайд.  

Хоёр дахь уралдаан 2000 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Өлзийт, Зүйл сумдын нутагт гүйцэтгэж байсан Геологийн судалгааны төвийн Г.Бөмбөрөө ахлагчтай “Хайрхан уул-50” төслийн талбайд.

Гурав дахь уралдаан 2011 онд Архангай аймгийн Цэнхэрмандал сумын нутагт гүйцэтгэж байсан “Гурван талст” компанийн Ч.Төмөрчөдөр ахлагчтай “Хүнүйн гол-50” төслийн талбайд.

Дөрөв дэх уралдаан 2013 онд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Хөгнө-Тарнын дүүрэг  (Элсэн тасархай) дэхгеологийн зураглалын хээрийн дадлагын талбайд.

Тав дахь уралдаан 2015 онд “Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц” сэдвээр  Богд хаан ууланд.

Зургаа дахь уралдаан 2017 онд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт гүйцэтгэж буй “Алтай нэгдэл” ХК-ийн Г.Билгүүн ахлагчтай “Сант-50” төслийн талбайд тус тус болсон байна.

УРАЛДААНЫ ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Д.Чулуун:

-Хээрээр гэр, хэцээр дэр хийж, хад чулуутай ярьж явдаг хүмүүсийн хувьд бол энэ их сайхан ажил л даа. Нэг талаас уралдаан боловч нөгөө талаас сургалт, бас баяр юм. Би хагас зуун жилийн турш геологийн мэргэжилтэн бэлтгэж явна. Өнөөдөр геологийг зөвхөн уул уурхайн салбартай адилтгаж, тэр тусмаа хууль бус нинжатай зүйрлэж байгаад харамсаж байна. Оросын их эрдэмтэн Ферсман.А.Е “Чулуу ярьдаг юм” гэж хэлсэн байдаг. Чулууны хэлийг мэддэг геологичид бол хад чулууны нас, найрлагыг тогтоож, байгаль дэлхийн төлөв, байдлыг хэлдэг хүмүүс шүү дээ. Энэ агуулгаараа шинжлэх ухаанч уралдаан юм.

УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Болд:

-Энэ уралдаан бол Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг. Манай улсад жилд 15-20 тэрбум төгрөгийн геологийн судалгааны ажил хийгддэг. Эдгээр судалгааны ажлын үр дүнд улсын эрдэс баялагийн сан арвижиж, ойролцоогоор 150 орчим тэрбум ам.долларын нөөц баялагийг бүртгүүлээд байна. Энэ бол манай үе үеийн геологичдын хичээл зүтгэл юм. Үндэсний геологичдоо сурган бэлтгэж, ур чадварыг нь сайжруулж байх нь төрийн чухал ажил байдаг. Ийм зорилготой энэ удаагийн хээрийн сургалт, судалгааны ажилд 20 гаруй аж ахуйн нэгж уралдаж, мөн мэргэжлийн холбоод оролцлоо.

Ахмад геологич Б.Батром:

-Геологичдын алхны дуу, анхны цохилтоор олсон нөөц нь орд болдог. Орд нь уурхай болдог. Уурхай нь уулын үйлдвэр, хот байгууламж болдгийн жишээ бол Эрдэнэт, Багануур, Оюутолгой юм. Монголын геологийн салбарын хөгжил тасрах учиргүй. Тасалбал бид том зүйлээ алдана. Тийм учраас өнөөдөр энд ирсэн залуучуудыг тасралтгүй бэлдэх хэрэгтэй. Би геологичдын зургаан удаагийн уралдааны тавд нь оржээ. Эхний жилүүдэдтүрүүлж, айрагддаг байлаа. Одоо бол шавь нараа сойгоод явж байна.

Монголын геофизикчдийн холбооны гүйцэтгэх захирал, уралдааны шүүгч Д.Цэдэнбалжир:

-Сүүлийн жилүүдэд уралдааны нэг үндсэн төрөл нь геофизикийн ажил болж хэвшлээ. Геофизикийн судалгаа илүү шинжлэх ухааны шинэлэг ололтууд дээр үндэслэсэн байдаг учраас геологийн судалгааны зураглалаас эхлээд нөөцийн тооцоо бодох эцсийн шат хүртэл хэрэглэгддэг түгээмэл бөгөөд оновчтой аргуудын нэг юм. Энэ аргыг эзэмшсэн олон сайхан залуусын ур чадварыг энд харлаа. Орчин үед геофизикийн шинжлэх ухаан хоёр үндсэн салбараар хөгжиж байна. Нэг нь сансар, огторгуй, далайн гүн судлал, нөгөө нь ашигт малтмалын хайгуулын геофизик. Өнөөдөр манай улс нээгдэж, ашиглаж эхэлсэн эрдэс баялагийнхаа хэмжээгээр дэлхийд дээгүүр явж байна. Энэ бол Монголын геологичид, түүний дотор геофизикчдийн нутаг дэвсгэрийн геологийн судалгаанд оруулсан үнэтэй хувь нэмэр юм.

Геологийн судалгааны төв (ТӨҮГ)-ийн Ерөнхий геологич Г.Мөнхзул:

-Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэд геологийн салбарын ажлыг буруугаар ойлгож, төрийн бодлогоор хийгдэж буй төсвийн ажлыг нь гацаах явдал гарах болсон. Үнэндээ геологийн судалгааны ажил гэдэг шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой байхаас гадна улс орны эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлоход чухал үүрэгтэй. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшээд гарч ирсэн олон зуун залуу геологичдын ажил, мэргэжлийг зөв ойлгож дэмжиж ажиллаасай гэж боддог. Залуучууд сургуульд эзэмшсэнээ хээрийн талбайд сорьж, ур чадвараа ахиулахад энэ наадам ихээхэн өгөөжтэй санагдлаа. Энэ удаагийн наадамд манай баг эрлийн ажлын төрөлд алтан медаль хүртсэндээ баяртай байна.

Т.САЙХАНАА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 897
Өчигдөр 4592
Нийт 870479