Зүүн бүсийн чуулган амжилттай боллоо


Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Зүүн бүсийн чуулганыг “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгууллаа.

Зүүн бүсийн чуулганыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон “Монголросцветмет” ХХК, “Цайрт минерал” ХХК, “Шинь Шинь” ХХК-ууд зохион байгуулж,Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, уурхайчидиргэний нийгмийн болон тус бүсэд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцов.

Бүс нутгийн төлөөлөгчдөөс гадна Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан, доктор Ч.Хурц,орлогч сайд асан Д.Ренчинханд, Я.Гомбосүрэн, Дондов, ШУТИС-ийн доктор, профессор Д.Цэвээнжав тэргүүтэй эрдэмтэн судлаачид, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн хүрээлэн, Дорнод монголын хайгуулчдын холбоо, Өрөмдлөгийн холбоо, Канадын “Сесмим” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн төлөөлөгчид оролцож, зүүн бүсийн хөгжлийн асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын илгээлтийг сонордуулж, зохион байгуулагч УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавив.

Дараа нь хариуцлагатай уул уурхай, салбарын нийгмийн хариуцлага, техник, технологийн хөгжлийн асуудлуудын талаар судлаачид илтгэл тавьж, аймгуудын удирдлагууд өөр өөрийн аймгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө, хамтын ажиллагаа, тулгамдаж асуудлуудаа танилцуулав.

Чуулганы хоёр дахь өдөр сургалтуудаар үргэлжилж, төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага хийлээ. 

Чуулганы төлөөлөгчид бүс нутгийн төдийгүй улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгч, үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, Манлай татвар төлөгч, “Цайрт минериал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэр болон ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж, жинхэнэ уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн явагддагийг нүдээр үзлээ.

Жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг “Цайрт минерал” ХХК-нд 371 ажилтан ажиллаж байгаагаас 327 нь монгол ажилчид, тэдний 93 хувь нь Сүхбаатар аймгийн иргэд ажээ. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 603
Өчигдөр 5305
Нийт 672251