Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: Геологич хүн улс орныхоо хөгжлийн 20-30 жилийн ирээдүйг урьдчилж хардаг


Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц шинэ оны өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан билээ. Түүнтэй ярилцлаа.

 

-Хөдөлмөрийн баатар болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр том шагнал. Хийсэн, бүтээсэн юмтай хүнийг үнэлж чаддаг төр засагтай болсонд баярлаж байна. Гар утас, фэйсбүүкээр холбогдож байгаа улсууд “Нүдээ олсон шагнал боллоо. Манай Ерөнхийлөгч хүний хөдөлмөр, хийсэн бүтээснийг үнэлэх чадвартай юм байна” гэж Ерөнхийлөгчид давхар баяр хүргэж байна. Үнэхээр сайхан байна.

-Үнэхээр ч тийм шүү. Нүдээ олсон шагнал боллоо доо?

-Хийсэн бүтээснийхээ төлөө энэ шагналыг авлаа гэж ойлгож байгаа. Гэхдээ миний хийх бүтээх ажил дуусаагүй. Дуусах яагаа ч үгүй. Өнөөдөр би хэдийгээр ная хүрч байгаа ч гэсэн бүтээе, хийе гэсэн санаа минь хэвээрээ байгаа. Биеллээ бүрэн дүүрэн олоогүй байгаа. Миний бие Геологи, уул уурхайн сайд, дарга УИХ-ын байнгын хорооны дарга гэх ажлуудыг хийж гүйцэтгээд гавьяаны амралтдаа суусан ч өнөөдрийг хүрэхэд зүгээр суусангүй. Монгол орны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурлаж Монгол орны эрдэс баялгийн салбар дахь Монгол төрийн бодлого гэдэг асуудлыг 21 хуудас боловсруулж хийсэн. Ингэхдээ ганцаараа хийгээгүй. Үүн дээр Монголын геологи, ашигт малтмалыг мэддэг эрдэмтэн, профессор, багш нар, уул уурхайн аж үйлдвэрээ мэддэг эрдэмтэн гээд нийт 11 эрдэмтэн “Монгол төрийн бодлого” материалыг боловсруулж олон хүнд тараалаа. Уг нь Монгол орны эрдэс баялгийн салбарын төрийн бодлого гэдэг бол үнэхээр том асуудал. Миний бие сайн багш нарын хүчинд, сайн чадварлаг багш нар намайг шахаж шаардаж, тулгаж юм заасанд нь үнэхээр баярлаж явдаг юм. Жишээлбэл би тавдугаар курст байхдаа нэг шалгалтыг гурав өгч, дөрөв дэх дээрээ онц дүн авч байлаа.

-Та Москвад сурсан байх аа?

-Москвагийн геологи хайгуулын дээд сургууль. Одоо Москвагийн Геологи хайгуулын академи болсон байна билээ (Энэ үеэр түүний гар утас дуугарч хүмүүс баяр хүргэсээр байлаа. сурв)

-Одоо ч баяр хүргэсэн дуудлага танд ирсээр байна шүү?

-Гар утас зай завсаргүй дуугарч, хүмүүс баяр хүргэж байна. Өнөөдөр ч гэсэн хүмүүс залгаж үргэлжлээд л яриад байна. Үнэхээр ард түмэн маань хүлээж байсан юм байна. Би тийм хүндэтгэлтэй, тийм их юм хийсэн хүн гэдгээ мэдээгүй юм. Одоо л мэдэрч байна. Нээрээ би чинь Эрдэнэтийг байгуулалцчихсан, Цагаан суваргыг анх нээсэн, Эрдэнэтийг барьж байгуулах ажлыг хурдавчлах арга хэмжээг бүгдийг зохион байгуулсан. Ю.Цэдэнбал даргыгаа хүртэл хүнд байдалд оруулж явсан хөөн (хүн). 

-Тэр тухайгаа дурсвал?

-1968 оны наймдугаар сарын сүүлчээр Ю.Цэдэнбал даргыг зөвхөн комиссартай нь  хамт Л.И.Брежнев дарга Москвад дуудаж ярилцжээ. Ю.Цэдэнбал дарга “Манайд ганцхан Эрдэнэт биш Цагаан суварга гэж орд бий. Геологич Ч.Хурцыгаа юу мэддэгээ ярь гэчихсэн юм. Энэ бол Цагаан суваргын тухай яриа юм шүү, наадах чинь” гэхэд нь Л.И.Брежнев “Даанч тийм байлгүй дээ. Бидэнтэй хамтарсан үйлдвэр бариагүй байж Японтой хамтарсан үйлдвэр барихдаа яадаг юм” гэсэн гэдэг. Ийм асуудал хүртэл тэр үед яригдаж байсан юм.

Ер нь эх орныхоо эрдэс баялгийн талаар би өөрийнхөө дурсамжийг бичихдээ нэг зүйлийг бичсэн л дээ. Санаа зөв бол заяа зөв гэж. Хүн сайн санааны үндсэн дээр юманд хандах ёстой. Намайг хойно сургуулиа төгсөөд ирэхэд Монгол оронд түшиглээд ажиллачих ганц ч олигтой орд газар байсангүй. 1961 онд оюутан, 21 настай хүү байхдаа оролцож нээсэн Толгойтын орд газар улс оронд маань анхны алт олборлох драг гэх хоёр давхар байшин шиг, ус, нууранд хөвсөн, шороогоо өөрөө ухаад өөрөө алтаа ялгадаг ийм байгууламжийг байгуулах үндсийг тавьж “Монгол-Орос цветмет” гэдэг компани анх байгуулагдаж байлаа.

Тэгэхдээ аливаа юманд сайн ч юм бий, муу ч юм бий. Тэгээд энэ үйлдвэр 1973 онд анхныхаа алтыг Монгол Улсад нийлүүлж эхэлсэн. Алт гэж юу байдгийг тэр үед харсан даа. Тэр үеийн гурилтай шөлний саванд хийсэн алтыг Пэлжээ гуай өргөх гэсэн чинь даахгүй байсан. Пэлжээ гуай бяртай хүн л дээ. Шөлний ганцхан тавганд хийсэн алт 10 кг-ын жинтэй байсан ш дээ. Гэх мэтчилэнгээр эхэлсэн. Тэгээд Эрдэнэтийн бүтээн байгуулалт явагдлаа. Тавантолгойн хайгуул хийгдээд улс орноо өнөөдөр тэжээж эхэллээ. “Цайрт минерал” гэж компани ажиллаж байгаа, Хятадын. Төмөртийн овооны цайрын 1.2 сая тоннын нөөцтэй ордын хайгуулыг нь хийлгээд нөөцийг нь ашиглалтад оруулахад бэлдлээ. Толгойтын алтнаас гадна 1975 онд Их-Алтатын хайгуулын ажил эрчимжиж, 1967 оноос хойш хийсэн ажлаар хоёр дахь драгийн полигион нээгдэж байлаа. Энэ мэтчилэнгээр тэр үед бодож санаж байсан юмнуудаа хэрэгжүүлэхийн тулд геологич нөхдөө их ч шахдаг байлаа даа. Хайгуул хийх аргачлалыг нь өөрөө сонгодог, зөвлөдөг. Тайланг нь хүлээж авдаг. Нөөцийг нь баталгаажуулдаг байлаа. Би тэр үед асар их олон тайлан, төслийг бүгдийг нь баталгаажуулж гарын үсгээ зурдаг байв.

-Дээхнэ үеийн ном зохиол, кинонд геологич гэх дүр түгээмэл байдаг. Тэр үед ард түмэн геологич хүмүүсийг ихэд хүндэлж, тэд ч нийгэмд хүндтэй байр суурийг эзэлдэг байж. Харин одоо өөр болжээ?

-Үгүй дээ. Геологи гэдэг чинь өөрөө аргачлал болгон нь биеэ даасан шинжлэх ухаан. Ер нь геологич хүн улс орныхоо хөгжлийн ирээдүйг 20-30 жилийн хугацаатай хардаг юм. 20-30 жилийн цаана ийм юм болох нь ээ гэдгийг хардаг тийм чадалтай. Яагаад вэ гэхээр геологич хүн уул уурхайгаа мэднэ, металлургаа мэднэ, хайлуулах ба химийн аж үйлдвэрээ бүхэлд нь мэднэ. Юуны төлөө би ямар ордыг нээх гэж яваа билээ гэж өөрийгөө мэддэг. Ийм үйлдвэр баривал хэдэн жил ашиглах вэ гэж бодно.

Дарханы 100 мянган тонн гангийн үйлдвэр бий боллоо. Энэ үйлдвэрийг 50-100 жил ашиглахын тулд дор хаяж миллиард тонн төмрийн хүдрийн нөөц батлагдсан байх ёстой. Тэгж байж 100 жилийн нөөцтэй үйлдвэр байж сая улс орны хөгжлийн тулгуур болно. Тэгвэл Тавантолгойн 200 жилийн нөөцтэй ийм орд дээр Оюутолгойн хэрэглэж байгаа Вахтын систем гэсэн энэ аргаар явдаггүй юм.Оюутолгой өнөөдрийн батлагдсан 43 сая тонн зэстэй. Батлагдсан тоо шүү. Үүн дээр нь нэмээд 60-аад сая тоннын нөөцтэй болох гэж байна. Ийм орд дэлхийд байхгүй ээ. Дэлхийн нэг номерын ордоо хүнд өгчихөөд өөрөө гуйлгачин царайлаад сууж байгаа бидний байдал юунаас эхтэй вэ гэхээр геологийн шинжлэх ухаан, геологичдоо ажилгүй болгосон төр засгийн муу үр дагаврын нөлөө.

Монголын геологичдын бүтээл зөвхөн ашигт малтмалын орд газрын нөөцөөр сая геологи гэдэг шинжлэх ухааны ач гавьяа гардаг юм. Тэгэхээр өнөөдөр бид хайгуулын ажил зохион байгуулахад энэ үйлдвэр жилдээ ямар хүчин чадалтайгаар хэдий хугацаанд ажиллах вэ гэдгийг боддог. Тухайлбал Эрдэнэтийн овоог 16 сая тонноор ашиглахад 40 жил ашиглах нөөц байна гэж байсан. Одоо 40 дэх жилдээ хүрэх гэж байна. Гэтэл Эрдэнэтийн овооны 1240 метрийн гүнээс доошоогоо 950 метрийн гүн хүртэл өнөөдөр зэсийн хүдэр дээр ч үргэлжилж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Эрдэнэт дахиад 60 жилийн нөөцтэй байна гэсэн үг. Энэ бол зөвхөн Эрдэнэтийн овооны карьер, түүний үргэлжлэл хэсэг. Эрдэнэтийн районы эргэн эргэн тойронд дахиад дөрвөн орд байгаа. Энэ дөрвөн орд байгаа тохиолдолд Эрдэнэтийн үйлдвэр 100 жил ажиллана. Эрдэнэтийн үйлдвэрийг бид барихдаа Эрдэнэтийн нөөц нь дууссан тохиолдолд энэ хот, энэ ард түмэн яаж амьдрах вэ гэдгийг хүртэл бодсон. Хивс, хүнс үйлдвэр, гурил, мах боловсруулах үйлдвэрүүд нь манлайлагч үйлдвэрүүдээ дагаад хөгждөг.

-Геологичид энэ бүхнийг тооцоолдог байх нь. Үйлдвэр, хот байгуулалт гээд...?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр жижиг дунд үйлдвэр гээд ярьж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд эхлээд манлайлагч үйлдвэрээ бариад тэрнийгээ дагаж хөгждөг юм. Үйлдвэрээс гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь хоорондоо уялддаг. Нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нөгөө үйлдвэрийнхээ түүхий эд, материал болж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Дорнод бүс нутагт Монголын хөгжлийн гол тулгуур хүч нь цайр, хар тугалга, мөнгө, алт, кадми, хүхэр гэсэн найман нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргах ийм үйлдвэр байх болно.

Нэг ийм үйлдвэртэй болсон тохиолдолд тэр үйлдвэрээ 100 наслуулахын тулд геологичид нөөцөө баталгаажуулдаг юм. Ингэж манлайлах үйлдвэр нь бусдыгаа чирдэг номтой. Тэгэхээр Дорнодод ийм үйлдвэрээ барина гэхэд хамгийн түрүүнд усан хангамжийн асуудлыг шийднэ. Саяхан Дорнодын хөгжлийн тухай асуудлаар арав гаруй хүнтэй бригадыг дагуулж явлаа. Тэнд усан сан барих газраа тогтлоо. Хот байж болох районоо тогтоолоо. Энэ хотод ямар ямар үйлдвэр босох ёстой вэ гэж ярилцаад найман нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг баяжуулах, металлургийн үйлдвэр байх нь ээ. Түүний зэрэгцээ газрын тос боловсруулах бага хүчин чадлаар Дорнодын бүс нутгаа хангах тийм үйлдвэр барих хэрэгтэй болно. Түүний зэрэгцээ говийн бүс нутагт Оюутолгой, Тавантолгой нэгэнт бий болчихсон, Цагаан суваргын орд маань ашиглалтад орох гэж байгаа ийм нөхцөл байдалд Дорнод бүс нутгийн тэр их өвс, байгалийн эдийн засгийн потенциал болсон тэжээлийг Өмнөговь, Дорноговьд вагоноор хүргэх тийм ажлыг бид хийх ёстой.

-Улс орныг тэгэхээр бүсчилсэн хөгжлөөр хөгжүүлэх нь зөв гарц гэж үзэж байна уу даа, та?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж бий. Тэрнийгээ хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөхгүй байна. Ер нь төр засгийн удирдлагын гол юм нь үйлдвэржүүлэх асуудал. Өнөөдөр Монгол баяжмал үйлдвэрээр баяжаад явна гэвэл энэ нэн гоомой асуудал. Химийн аж үйлдвэр, металлургийн аж үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр бий. Нэг үйлдвэр гэдэг чинь өөрөө арван хэдэн цехтэй, нэг цехээс гаргаж байгаа бүтээгдэхүүн нь нөгөө үйлдвэрийнхээ түүхий эд нь болж байх ёстой. Тэжээлийн үйлдвэр бий болгоно гээд Хөвсгөлийн фосфороо ашигла. Хөвсгөлийн фосфорыг ашиглаж болохгүй гэж ярьж болохгүй. Хөвсгөл аймгийнхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын хөгжлийн төлөө нэг аймгийнхан “Би тэгэхгүй ээ” гээд гэдийгээд суудаг ийм ёсон байдаггүй юм. Нэгдсэн тэртэй, нэгдсэн улсын нэгдсэн бодлогоор улс орон хөгждөг болохоос биш бүс нутаг, аймаг орон нутаг гэсэн хязгаарлалт байж болохгүй.

Ер нь Монгол орны ашигт малтмал, байгалийн баялаг бол зөвхөн Монгол орны тусын тулд гэж бид бодож болохгүй. Бид Төв ба Зүүн өмнөд Азийн тухай бодох ёстой. Өнөөдөр бордооны аж үйлдвэр байгуулахгүйгээр олон зуу, мянган жил ашигласан Хятад, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудын газар тариалангийн гол зүйл болох хүнсний бүтээгдэхүүнүүд эцсийн эцэст тэжээгч нь болсон бордоогүйгээр явахаа байлаа.

Миний энд яриад байгаа бүхэн ямар нэгэн техник эдийн засгийн үндэслэлтэй. Нөөц нь ингэж баталгаажна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй ийм юмыг би ярьж байгаа юм. Тэрнээс биш ийм болоосой гэж үлгэр ярьж суугаа хүн биш. Улс орныхоо хөгжлийг зөвхөн өөрийнхөө орны тусын тулд бодвол манай үйлдвэр хөгжихгүй. Бидний үйлдвэржих бодлогыг гадны улсууд дэмжихгүй.

-Мэдээжийн хэрэг. Томхон хэмжээний үйлдвэрүүдтэй болох талаар ярилцдаг ч яагаад ч юм тэр нь бүтдэггүй нь үүнтэй ч холбоотой байдаг байх даа?

-Аль болох баяжмал, дутуу боловсорсон бүтээгдэхүүн авахыг бодно. Нэмүү өртөг шингэчихсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх тийм бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлээсэй гэсэн ганц ч гадны хүн байхгүй. Тийм учраас үүнийг чинь чадах хэмжээний шинжлэх ухааны потенциал Монголд бүрэн байна. Өнөөдөр хамгийн өндөр боловсролтой эрдэмтэн мэргэдээ 60 нас хүрсэн нэрийн дор тэтгэвэрт гаргадаг. Эх орныхоо хөгжлийн төлөө тэр хүмүүсийн уншсан ном, дуулсан үг, үзсэн юмыг бодит ажил болгох эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа хүчийг нэгтгэх цаг нь болсон. Ингэхгүйгээр бүтэхгүй байна.

Монгол Улсын ирээдүйг шинжлэх ухаан авч явна. Шинжлэх ухааныг шинжлэх ухааныг судалсан хүмүүсээр хийлгэдэг болохоос биш УИХ-ын гишүүд хийдэггүй юм.

Бодлогын яамд гэдэг энэ тогтолцоо бүтэц байж болохгүй. Бодлого боловсруулчихаад түүнийгээ хэрэгжүүлэхгүй нэг сайд ирээд л шинэ бодлого, засаг өөрчлөгдөхөөр л дахиад өөр бодлого ярьдаг. Ийм эрүүл бус үйл ажиллагаа байж болохгүй ээ. Одоо бодлогоо хэрэгжүүлэгч, бүтээлч яамтай байж төрт ёс тогтоно. Үүнийг бүтээхийн тулд ард түмэн зүтгэх ёстой. Үүний тулд ард түмэн нь шударга үйл хийх, бүтээн байгуулалт хийх шаардлагыг төр засагтаа тавих ёстой. Солонгосын ард түмэн анх “Хьюндай” үйлдвэрийг байгуулж байхад америкчууд яаж эсэргүүцэж байлаа. Тэгэхэд тэр Пак Гын Хэгийн аав, генерал Пак Жөн Хи хэдий харгис хэрцгий хүн байлаа ч гэсэн уг үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэрийг бариад эхэлтэл метал төмөр дутсан. Төмөртэй болохын тулд өөрийн оронд байхгүй түүхий эдээр маш том металлургийн комбинат байгуулсан. Энэ комбинатын үйлдвэрийг бариад эхэлтэл төмөр нь илүү гарсан. Илүү гарсан төмрөөрөө олон улсын хэмжээнд усан онгоцны үйлдвэр байгуулсан. Энэ олон үйлдвэрүүдээ хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны технологийг өөрөөр хэлбэл электроникийн үйлдвэр хөгжихөөс өөр аргагүй болсон. Ингээд “Samsung”үйлдвэр бий болсон. Энэ бүхнийг, үйлдвэрүүдийг төр нь дэмждэг болохоос биш манайх шиг төр нь булаацалддаггүй юм аа. Өнөөдөр Монгол яагаад ийм байдалд хүргэв гэхээр өөрөө мэдэхгүй, өрөөлийн хийснийг булааж авах ийм бодлого явлаа. Бид хувьчлал нэрийн дор социализмийн үед бүтээсэн бүхнээ нураалаа. Хамаг тоног төхөөрөмж үйлдвэрээ гадагшаа төмрийн хогонд өглөө.

Одоо монголчуудын ирээдүйн хөгжил бол боловсруулах үйлдвэрийн чиглэлд байна. Миний бие 1980 оны зургадугаар сарын 25, 26-нд Монголын баруун аймгуудад ямар үйлдвэр, ямар ашигт малтмалын хайгуул хийх вэ гэдэг саналаа бэлтгэхийн тулд Ховдын геологийн хайгуулын экспедицийг байгуулахаар явж байлаа. Тэр үед үзсэн 64 цэгээс хоёрхон цэг нь Монгол Улсад хамгийн том орд үүсэх нөхцөлийг үүсгэсэн. Түүнээс хойш энэ 25 жилд Монголын геологичид өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр баруун аймгуудын ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрийг гаргах үндэслэл нь бүрдчихээд байна.

-Хэзээнээс хэрэгжүүлэх бол?

-Энэ хөтөлбөрийг одооноос хэрэгжүүлэхгүй бол оройтно. Бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг цаг хугацаатай уралдах асуудал байдаг юм. Цаг хугацаатай уралдахын тулд хаана, юу хийх вэ гэдгээ мэдэх ёстой. Зорилготой байх ёстой. Тэр зорилгоо тойрсон үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Д.ГАНСАРУУЛ /Өдрийн сонин/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 787
Өчигдөр 3117
Нийт 2225753