Гуравдугаар сараас үйлдвэрийг барихад шаардлагатай дэд бүтцийн ажил эхэлнэ


Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус шатах тослох материалын үйлдвэрийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас Алтанширээд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тодрууллаа. 
 
-Алтанширээд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ ажил хэр ахицтай байна вэ?
 
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэгийн төрийн өмчит “EIL” гэдэг компани хийж байгаа. ТЭЗҮ-ээр үйлдвэрийн бүхий л тоо баримт тодорхой болж гарч ирэх бөгөөд гуравдугаар сарын сүүлээр хүлээж авна. 
 
-Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг аль улсын ямар компани хийхээр болсон бэ?
 
-Энэтхэгийн тал энэ зээлийг өгч байгаа учраас давуу эрхтэйгээр өөрийн орны “PMC” компанийг сонгох санал оруулаад байгаа. 
 
-Алтанширээд газрын тосны нөөц тогтоогдсон уу?
 
-Алтанширээд газрын тосны нөөц байхгүй. Энэ байршил сонгогдсон шалтгаан нь дэд бүтэцтэй ойрхон, түүхий эдээ Дорнодын 19,21 дүгээр талбайгаас татна. Хоёрдугаарт, хэрэглэгчид ойр, түүхий эдээ авахад ч дөхөм байршил юм. Гуравдугаарт, төмөр замаар Улаанбаатар хот болон бусад газар луу тээвэрлэх боломжтой, усны нөөцтэй гэх мэт шалтгааныг харгалзан үзэж тус газар сонгогдсон.   
 
-Алтанширээс Петрочайна Дачин Тамсаг хүртэл 600 км шугам хоолойг газар доогуур татна гэж байсан. Ийм урт шугам хоолой газар доогуур татлаа гэж бодоход олон жил саадгүй ажиллаж чадах уу. Яагаад газрын тосны нөөцгүй цэг сонгоод 600 км шугам татахаар шийдсэн юм бэ?
 
-Би сая танд хэлсэн шүү дээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр энэ байршил хамгийн боломжит хувилбар юм. Бид Дорнод, Дархан-Уул, Бор-Өндөр, Багануурт барьсан ч эцсийн үр дүндээ энэ үйлдвэр ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллаж байж цааш үйл ажиллагаагаа явуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслээд шугам хоолой татах юм. Ер нь ОХУ, БНХАУ-ын аль алинд нь газар доогуур шугам хоолой тавьсан туршлага байдаг. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл биш.
 
-Хөрөнгө санхүүгийн хяналтыг хаанаас тавих вэ?
 
-“Монгол газрын тос” ТӨХК байгуулагдаад бүх үйл ажиллагааг нь хариуцаж байгаа. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас хяналтаа тавина.  
 
-Үйлдвэр барихын тулд 1 тэрбум ам.доллар Энэтхэгээс зээлж байгаа. Биднийг ТЭЗҮ хүлээгээд сууж байхад зээлийн хүү бодогдоод долоон сар болж байна шүү дээ. Ажлаа яаравчлахгүй бол шүүмжлэл дагуулж мэдэх юм. 
 
-Шүүмжлэл дагуулж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид эхний ээлжинд ТЭЗҮ-ээ хүлээж авсны дараа зураг төслийн ажил эхэлнэ. Гуравдугаар сараас үйлдвэрийг барихад шаардлагатай дэд бүтцийн ажил эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж буй компанид зээлийн эхний хөрөнгө оруулалтыг хийсэн. Бид зүгээр зээл аваад хий хоосон суугаагүй ажил үргэлжилж байна. 
 
 
Т.Давааням /news.mn/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 7710
Нийт 1528390