Уул уурхайн салбарт томоохон дөрвөн төсөл хэрэгжинэ


“Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө танилцуулж байгаа юм.

Уг чуулга уулзалтад 100 орчим хүн оролцож байгаагаас 70 орчим хувь нь арав гаруй орноос ирсэн гадны төлөөлөгчид оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог салбар. Салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ. Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа” гэв.

Хэрэгжих дөрвөн төслийг танилцуулъя

Уул уурхайн салбарт дараахь томоохон дөрвөн төслийн ажлыг эхлүүлээд байна.

1. “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг төрийн өмчит “Монгол газрын тос” ХХК байгуулагдан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ирэх 2022 онд уг үйлдвэрийг ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа. Санхүүжилтийн хувьд БНЭУ-ын зээлээр хэрэгжинэ. Дорноговь аймгийн Сайншандад баригдах нефтийн үйлдвэр түүхий эд болох газрын тосыг авахын тулд Сайншандаас Дорнод аймаг руу шугам хоолой татаж, Тамсагийн газрын тос олборлох үйлдвэрээс авахаар техник эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) нь гарсан байгаа аж.

2. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК хэрэгжүүлэх “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. 700 сая ам.долларын уг төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусна гэж төлөвлөж байгаа. Төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх. Төсөл хоёр үе шаттай. Уул уурхайн бүтээн байгуулалтын ажил болох эхний төслийг хэрэгжүүлсэн байгаа бол одоо гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр”-ийг “Бэрэн” групп ХХК, “Бэрэн металл” ХХК гүйцэтгэнэ. Орхон аймаг Баян-Өндөр суманд баригдах уг үйлдвэрт 10 сая ам доллар буюу 24,5 тэрбум төгрөг шаардагдана. Хөрөнгийн эх үүсвэрийг дотоодоосоо буюу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Энэ үйлдвэр нь Монгол Улсын томоохон ган үйлдвэрлэгч болох зорилтыг тавьсан байгаа.

Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-гаад мянган тонн боловч үүний 80 гаруй хувийг урд хөршөөс импортолж оруулж ирдэг. Уг төсөл хэрэгжсэнээр барилгын арматурны импортын хэрэглээг халж дотоодоосоо бүрэн хангах боломж бүрдэнэ.

3.“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” барих төслийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлнэ. Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яам, Хүнд үйлдвэрийн бодлогын газар, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгж уг төслийг хийж гүйцэтгэнэ. 1.5-2.1 тэрбум ам.доллараар хэрэгжих уг төслийн санхүүжилтийг гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг татна гэж тооцоолж байгаа. Зэс хайлуулах үйлдвэр Оюу толгойн нөөц дээр суурилж барина гэж төлөвлөж байгаа.

4. Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ хийгдсэн байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас байж болох вэ гэдгийг эрэлхийлж байгаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэдэг болж улмаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Чуулга уулзалтад оролцогчид юу гэж ярив?

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм. Иймд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэхийг чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан юм.

 

“Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцогчдоос дараахь тодруулгыг авлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал:

-Уул уурхайн салбарт хэрэгжих төслийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?

-Бодлогоор дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх, зэс хайлуулах үйлдвэр гэсэн хоёр төслийн хувьд эхний шатандаа яваа. Газрын тос үйлдвэрлэх, ган үйлдвэрлэх төслийн хувьд эхний судалгаа хийгдэж хоёр дахь үе шат руугаа орсон. Улсын төсөв болон хувийн хөрөнгөөр хэрэгжих томоохон төслийн судалгааг гаргаж Монголын аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар ажиллаж эрчимтэй байна. Тухайлбал, алт, жонш, уран, нүүрсний чиглэлээр гэхэд тус тусад нь бодлого гаргасан. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх суурь болдог хайгуулын тусгай зөвшөөрөл, талбайн олголт сайн явагдаж байж эргээд эдийн засагт үр өгөөжөө өгдөг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулиар хориглосон байгаа тул үүнд санал санаачилгатай ажиллаж хайгуулыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг удахгүй эхлүүлэхдээ аль болох өргөн хүрээг хамарсан байдлаар явуулахыг зорьж байна.

-Манай улс баялгийн хөгжлийн сантай болох тухай яригдаж байгаа?

-Стратегийн ордуудад тулгуурласан Баялгийн сангийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Улсын стратегийн ордуудад иргэдийн хувьцааг баталгаажуулж, баялгийн сантай байх зарчмыг барина. “Эрдэс баялаг” ХХК-д тулгуурлан иргэдийн хувьцаа баталгаажсанаар хувьцааны ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар ажлууд хийгдэнэ.

-Хөрөнгө оруулагчдыг татах ямар ажлууд хийх вэ. Татварын хуулийн шинэчлэлээр хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих вэ?

-Татварын багц хуулийг Сангийн яамнаас боловсруулж олон нийтийн хэлэлцүүлгийг хийж хуулийн шинэчлэлийг танилцуулж байгаа. Манай уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хүрээнд хөрөнгө оруулалт оруулахад тулгуурлах, аль аль талдаа харилцан ашигтай байх эрх ашиг сонирхлыг бүрдүүлсэн санал, санаачилгыг гаргаж хуулийн төслийн саналаа хүргүүлсэн байгаа. Уг хуулийн төсөлд гадны хөрөнгө оруулалтыг татахад харьцангуй эерэг талуудыг оруулсан гэж хэлж болно. Тухайлбал, тусгай зөвшөөрөл шилжих, газрын эрхийг шилжүүлэхтэй холбоотойгоор тодорхой санал гаргаж хувь хэмжээг бууруулах, хөрөнгө оруулалтыг татах саналуудыг багц хуульд тусгасан байгаа гэв.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр:

-“Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү. Тус үйлдвэрийг “Стандарт” банкнаас авсан зээлд баталгаа гаргасан гэж үзээд Арбитрийн шүүхээс тодорхой мөнгө төлөх шийдвэрийг гарчихсан байгаа?

-Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн бодлогыг хариуцан ажилладаг. 2017 оны байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, боловсруулалтын хэмжээгээрээ хамгийн өндөр ашиг орлоготой, амжилттай сайн ажилласан жил гэж хэлж болно. “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Сүүлийн дөрвөн жилд “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааны ажлуудыг түлхүү явуулсан. Үүний үр дүнд нөөцөө нэмэгдүүлж батлуулсан. Цаашдаа нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллах болно.

Одоогийн байдлын төлөвлөлтөөр ил уурхай 39 жилийн хугацаанд нөөцтэйгөөр хийгдсэн, ирээдүйд бий болох баталгаажих нөөц дахиад нэмэгдэх учраас “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаа гэж хэлж болно. “Эрдэнэт” үйлдвэр хоёр тэрбум тонн орчим зэс болон молибеден агуулсан нөөцтэй гэдэг нь тогтоогдсон. Энэ нь ойролцоогоор 7.8 сая тонн цэвэр зэс гарна гэсэн үг. Манай үйлдвэр жилд дунджаар 120-130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг гэж тооцох юм бол энэ бол асар их нөөц юм. “Эрдэнэт” үйлдвэр дараагийн 15 жилд хэрэгжүүлэх бичиг баримтаа боловсруулж саяхан гаргалаа. Ирэх 15 жилд “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах вэ гэдэг төсөөллийг товчхоноор хэлэхэд тус үйлдвэрт томоохон зургаан төсөл хэрэгжүүлэхээр болсон байгаа.

-Арбитрийн шийдвэр нэгэнт гарсан байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэр энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Хуулийн процессын асуудлыг нь би сайн мэдэхгүй байна.

-Хөрөнгийг хурааж битүүмжилсэн зүйл бий юу?

-Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болж байгаа асуудал байхгүй гэв.

 

“Эрдэнэс-Таван толгой” ХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:

-“Эрдэнэс-Таван толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын талаар та илтгэл тавьж байна. Хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор ямар ажлууд хийгдэх вэ?

-“Эрдэнэс-Таван толгой” энэ гуравдугаар сарын 20-ны байдлаар 2,8 сая тонн нүүрс экспортолсон байна. Сар болгон бараг нэг сая тонныг экспортолж байна. Нүүрсний экспорт сайн явагдаж байгаатай холбоотойгоор үүссэн өрийг дарчихсан учраас одооноос үүссэн орлого компанийн цэвэр ашиг болоод явчихна. Тийм болохоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдээсээ өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой болж байна. Үүний зэрэгцээгээр гадны хөрөнгийн зах зээлд IPO хийж хөрөнгө босгох боломжтой юм байна гэсэн хувилбарыг гарган Засгийн газар болон шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст танилцуулсан байгаа. УИХ, Засгийн газраас шийдвэрийг гаргана.

-1072 хувьцаа баталгаажсанаар хувьцааны үнэ цэнэ хэрхэн өсөх вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаж улмаар хийх төлөвлөгөө батлагдан гарсан. 2017 оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаа эзэмшигчдийн бүх нэрсийг гаргаж хувьцаа эзэмшигч гэдгийг нь баталгаажуулан баланст оруулсан. “Эрдэнэс-Таван толгой”-н баланс 11.9 их наяд төгрөгийн хэмжээтэй байна. Ирэх дөрвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хуралдана. Уг хуралдаанаар дүрмийн өөрчлөлт, балансын өөрчлөлтийг оруулснаар “Эрдэнэс-Таван толгой”-н баланс албан ёсоор батлагдаж баталгаажина. Хэрэв Засгийн газраас шийдвэр гарчихвал 1072 хувьцааг хоёрдагч зах зээл буюу хөрөнгийн зах зээлд оруулж иргэд хувьцаагаа худалдах, худалдаж авах эрх нээгдэнэ гэв.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Баялгийн сан-Хөрөнгө оруулалтын сан байгуулна

“Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Г.Занданшатарын хэлсэн үгнээс тоймлож хүргэхэд “Татварын багц хуулийн шинэчлэл, эдийн засгийн реформ, томоохон хөтөлбөр, төслүүдийнхээ талаар энэ сарын 28-нд болох Эдийн засгийн форумын ”Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг”-ийн үеэр дэлгэрэнгүй танилцуулж, санал авахаар төлөвлөсөн. Засгийн газар  эдийн засгийн хөгжлийн гурван тулгуурт бодлого баталсан" гэв. Мөн тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа үзүүлэлт юм. Энэ өсөлтөд танай эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа. Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой байлгах нь холбогдох Төр засгийн байгууллагуудын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт байх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээнүүдийн тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулсан. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, мөн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин, шинэчлэлийн бодлого, стратеги хөтөлбөрийн төслийг боловсруулах, лиценз тусгай зөвшөөрлийг хялбарчлах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчныг сайжруулна. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Баялгийн сан -Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар судалж байна” гэв.

Б.ДОЛЗОДМАА /Өдрийн сонин/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3457
Нийт 1626934