Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2018 оны онцлох ажлууд


1САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ:

1.1. Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

Хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэж, ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно.

 

1.2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилго бүхий заалтуудыг тусгаж өгсөн болно. 

 

1.3. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэн ажиллаж байна.

 

1.4. “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг батлуулсан.

 

 

2. ДҮРЭМ, ЖУРАМ,  ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР:

Геологи, уул уурхай, үйлдвэрлэлийн салбар хөгжихийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан орчин үеийн дэвшилтэд техник, технологи шинээр нэвтэрч байгаатай холбогдуулан тухайн салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон ослын тохиолдлыг бууруулах, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар хүний эрүүл мэндэд чиглэсэн аюулгүй ажиллагааны дүрмүүдийг боловсруулах шаардлага урган гарч байна.

 

Энэ хүрээнд тус яамнаас өнгөрч буй 2018 онд хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа ба дараах дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсрууллаа. Үүнд:

  • Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журмыг боловсруулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/19 дүгээр тушаалаар батлуулсан. Ингэснээр Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээний геологи-ашигт малтмалын мэдээллийг агуулж буй Геомэдээллийн сангийн ажиллах эрх зүйн үндсийг бий болгон бэхжүүллээ.

 

  • Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолоор “Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах” журмыг батлуулсан.

 

  • УУХҮСайдын 2018.01.10-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага” журмыг батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

 

  • УУХҮСайдын 2018.01.10-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”–ыг батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

 

  • УУХҮСайдын 2018.01.12-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам”-ыг батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

 

  • УУХҮСайд, БОАЖСайдын хамтарсан А/50, А/31 тоот тушаалаар “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авах”  журмыг батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

 

  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам, (шинээр боловсруулсан)

 

  • Ил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, (шинэчлэн боловсруулсан)
  • Ашигт малтмалыг баяжуулах, ялгах, бутлах ба хүдэр, баяжмалыг бөөнцөглөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, (шинэчлэн боловсруулсан)

 

  • Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, (шинэчлэн боловсруулсан)

 

  • Жонш хөтөлбөр (шинээр боловсруулсан)

 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр, (шинээр боловсруулсан)

 

3. ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ:

Тус яамнаас салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийхийн зэрэгцээ улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гадны улс орноос импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд зарцуулагдаж буй вальютын урсгалыг багасгах зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд Тавантолгойн ордын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

 

3.1. “Тавантолгой ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол

Тогтоолын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлуулсан.

Уг тогтоолд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох талаар тусгагдсан.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журамд холбогдох өөрчлөлтийг хийлээ.

Мөн тус хурлаар компанийн бүртгэлтэй холбоотой, ялангуяа гадаад, дотоодын хөрөнгийн биржийн шаардлагад нийцүүлэн хараат, охин компанийг дангаар болон бусадтай хамтран байгуулах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөлд олгох, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон түүний нэгдлийн оролцогч компанийн хувьцааг нийтэд санал болгон арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Үүний зэрэгцээ үнэт цаасны зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд олон улсын болон дотоодын зах зээлд үе шаттайгаар үнэт цаас гаргах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, одоогийн байдлаар 4 үндсэн мэргэжлийн оролцогчдыг шалгаруулах шатандаа орсон.

2019 оны 1-2 сард багтаад олон улсын андеррайтер болон холбогдох хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн аудит хийх, компанийн засаглал, татварын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг болон дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэргэжлийн оролцогчдоо шалгаруулаад дуусна гэсэн тооцоотой ажиллаж байна.

Эцэст нь “Эрдэнэст-тавантолгой” ХК дотооддоо өөрийн үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэжлийн оролцогчдын ажилд шаардлагатай бүхий л мэдээлэл, баримт бичгийг танилцуулах боломжийг олгох “Дундын мэдээллийн сан”-г бий болгохоор бэлтгэлээ хангаж байна.

 

3.2. Газрын тос боловсруулах үйлдвэр:

Дундаж өртөг 0,348 ам. доллар буюу 850 орчим төгрөг байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд нарийвчилсан ТЭЗҮ-ийгУул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) компанийг сонгон шалгаруулах ажлыг эхэлсэн.

2019 онд бид Төслийн менежментийн зөвлөх компанитай хамтран үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүдийн лиценз эзэмшигчдийг сонгох, үйлдвэрийн суурь инженерчлэл, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулах зэрэг ажлуудыг төслийн хүрээнд төлөвлөж байна.

Монгол Улсын засгийн газар болон БНЭУ-ийн Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сард хийсэн уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг Засгийн газраас шуурхай зохион байгуулан, арга хэмжээ авч эхлүүлсний үр дүнд энэ оны 06 сарын 22-нд эхлүүлсэн үйлдвэрийн гаднах дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 06 нд төмөр замын дээд бүтээцийн ажлыг эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар нийт дэд бүтцийн ажил болох төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 50 орчимхувийн гүйцэтгэлтэйгээр 2018 оны бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж байна.

2019 оны 3 дугаар сараас дэд бүтцийн ажлыг дахин эхлүүлэх ба тус оны 3 дугаар улиралд ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгахаар зорилт тавин ажиллаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрт дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үүнд:

Бүтээгдэхүүн

Үйлдвэрлэх хэмжээ (мян. кг)

Нягт (кг/м3)

Эзэлхүүн (л)

ШШХ

43.000

746.00

57.640.751

АИ-95 бензин

339.000

750.00

452.000.000

Онгоцны түлш

40.000

788.00

50.761.421

Дизель түлш

864.000

840.00

1.028.571.429

Зуухны түлш

47.000

1,015.00

46.305.419

Нийт

1.286.000

 

1.635.279.019

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний дундаж өртөг  нэг литр бүтээгдэхүүний дундаж өртөг 0,348 ам. доллар буюу 850 орчим төгрөг болохоор байна.

 

3.3. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх зориулалтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг боловсруулж 2018.12.12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлээд байна.

 

3.4. Алт цэвэршүүлэх үйлдвэр

Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот “Чиглэл өгөх тухай” тогтоолоор өгсөн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлийн дагуу үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Техникийн даалгаварыг боловсруулан, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

4. БУСАД

 

4.1. Геологи, хайгуулын тойм

4.1.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  сонгон шалгаруулалтыг 60 талбайд зарлалаа

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмын төслийг боловсруулж ....өдөр батлуулсан. Мөн Засгийн газрын  2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлуулсан.

Засгийн газрын тогтоолын дагуу энэ оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 6 удаа 511,189.89 га бүхий 60 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж, 224,097,72 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, улсын төсөвт 1 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлээд байна.

 

4.1.2. Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нийтийн хэрэгцээнд гаргасан нь хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдлээ

Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ, БНМАУ-ын геологийн хамтарсан экспедицийн  гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангууд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж манай улсын геологийн фондод тушаагдаагүй байсан ба эдгээр тайлан, материалуудыг  хүлээн авч, мэдээллийн санд бүртгэж, нийтийн хэрэгцээнд гаргасан.

Энэ нь Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн салбарт үнэтэй, чухал мэдээлэл бөгөөд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулж, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Дээрх тайлагийн зарим хэсэг нь буюу Геологийн төв архивт нууцын зэрэглэлтэй хадгалагдаж байсан өндөр нарийвчлалтай байр зүйн зургийн суурьтай,  хүндийн хүчний болон цацраг идэвхт элементийн нийт 49 ш геологийн судалгааны ажлын тайлан, мөн ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байсан Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын 70 тайланг нийтийн хэрэгцээнд гаргасан.

 

4.2. Газрын тос

7.2.1. Газрын тосны бүтээгдэхүүний хайгуул, олборлолт

Газрын тосны хайгуулын 25 талбайд 26 Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ  хэрэгжиж байна.

2018 оны 12 дугаар  сарын байдлаар, хайгуулын 25 талбайд 26 бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжиж байгаагаас 3 талбайд газрын тосны олборлолтын, 17 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явагдаж, 1 талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Хайгуулын 5 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болгох гэж байна.

2018 онд Смарт ойл Монголиа ХХК Эргэл XII талбайд чичирхийллийн урьдчилсан судалгаа хийж, Макс ойл ХХК Арбулаг XXIХ талбайд AR2018-01, Капкорп Монголиа ХХК Онги V талбайд Ирвэс-1, Богд IV талбайд Тахь-1 цооног өрөмдөж, Зон хэн юу тиан ХХК БХГ-т Галба XI талбайгаас туршилтын журмаар олборлосон 246 тн түүхий тосыг экспортлосон.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 6.0 сая баррель буюу 814.5 мянган тонн түүхий тос олборлож, 5.8 сая баррель буюу 798.4 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 74.1 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 72.5 хувьтай байна.

 

4.2.2. Шатахууны үнийг цаашид  шатахууны үнийг  үе шаттайгаар бууруулна

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад  Монгол Улсын Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил  иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан  зөвлөл”-ийн  2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс  эхлэн Аи-92  шатахууны үнийг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан билээ.

Энэ хугацаанд иргэдээс зарим компани үнээ буулгаагүй талаар мэдээлэл ирүүлсэний дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах  албан даалгаврыг хүргүүлээд байна.  

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706ам.доллар/тн болоод байна.

 

4.3.Нүүрсний тээвэрлэлтийн тухай

Монгол Улсын нүүрсний экспортын 50-с илүү хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтоор 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 1200-1500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан ба түүнээс хойш хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо багасаж өдөрт дунджаар 400-500 болсон.

Үүнээс үүдэн нүүрс тээврийн автомашины цуваа 85-110 гаруй км урт үргэлжлэх, нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрах, шороон замаар тээвэр хийх, ахуйн хүрээний архидалт ихсэх улмаар гэмт хэрэг ихээр гарах зэрэг сөрөг үр дагаварууд бий болсон.

Дээрх хүндрэл энэ онд хэд хэдэн удаа давтагдсан бөгөөд тус яамнаас УУХҮС-ын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухай бүр газар дээр ажиллаж Засгийн газарт танилцуулах, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгөх ажлыг зохион байгуулсан.

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр хуралдааны тэмдэглэлийн дагуу нүүрс тээврийн жолооч нарт үзлэг хийх Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам болон орон нутаг, “Эрдэнэс Монгол “ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөөс бүрдсэн ажлын хэсэг эдгээр өдрүүдэд Цагаан хаданд ажиллаж байна.

 

4.4. “Эрдэнэс Монгол” ХХК

4.4.1.      Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани болон “Орано” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болов.

 

4.1.2       “Эрдэнэс Монгол” ХХК-иас 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, уурхайн техник, технологийг шинэчлэх хүрээнд “Багануур” ХК-д 19.9 тэрбум төгрөг, “Шивээ-Овоо” ХК-д 4 тэрбум төгрөгийн зээл олгосон.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1008
Өчигдөр 4548
Нийт 2632880