Д.Сумъяабазар “Росгеологи” хамтарсан нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав


Уул уурхай, хүндүйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Оросын Холбооны Улсын “Росгеологи” хамтарсан нийгэмлэгийн ерөнхий захирал С.Н.Горьковыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал Худалдаа, эдийнзасаг, шинжлэхухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдсаныг дурдан цаашид геологийн иж бүрэн судалгаа, газрын хэвлийн ашиглалт, эрдэс-баялгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Мөн тус салбарын чиглэлээр ОХУ-д боловсон хүчнийг бэлтгэх тоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. “Росгеологи” ХН-ийн Ерөнхий Захирал С.Н.Горьков байгууллагынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж цаашид хамтран ажиллах боломжтой салбаруудын чиглэлүүдийг тодорхойлж санал болгосныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дэмжив. Талууд ашигт малтмал, түүний дотроос үнэт болон ховор металл, газрын ховор элемент, газар нутгийн геологийн зураглал, судалгаа, металлогенийн үнэлгээ, усны нөөцийн байдалд гидродинамикийн адилтгал хийх, төв суурин газар, үйлдвэрлэлийн хэрэгцээт цэнгэг ус хангамжийг нэмэгдүүлэх газрын доорхи усны эрэл, хайгуул зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.