ЭМГЭНЭЛ


Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан, Алдарт геологич Шаравсамбуугийн ЛХҮНДЭВ (1947-2019)

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан, Алдарт геологич, зөвлөх инженер Шаравсамбуугийн Лхүндэв 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын геологийн салбарт хүнд гарз тохиолоо.

Шаравсамбуугийн Лхүндэв нь 1947 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төржээ. Тэрээр 1975 онд МУИС-ийг геологич мэргэжлээр төгсөж, 1975-1989 онд Зураглалын Экспедицэд геологич, ахлах геологич, 1989-1990 онд Үйлдвэрлэл Шинжилгээний Институтэд ахлах геологич, 1990-1994 онд “Эрэл” ХХК-д ерөнхий геологич, 1995 оноос хойш “Гурванталст”, “Судалт мана” ХХК-д захирал, зөвлөх геологичоор ажиллаж байснаас гадна АМГТГ-ын дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл, Геологийн зургийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

Шаравсамбуугийн Лхүндэв нь Монгол орны нутаг дэвсгэрийн хангай, говийг хамарсан Нөмрөг, Завхан, Гурвансайхан, Сайншанд, Матадын төслүүдийн нийт 179265кв.км талбайд 1:200 000 масштабын геологийн зураглал,УГЗ-200 төслийн өмнөд Монголын 93736кв.км талбайн Улсын геологийн зураг, Цэнхэрмандал, Уянга, Тайшир, Их Хорго, Өгийнуур, Баяндалай, Чанмань Уул төслүүдийн нийт 20027кв.км талбайд 1:50 000 масштабын геологийн зураглал-ерөнхий эрлийн ажилд голлон гүйцэтгэгчээр тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа тухайн нутаг дэвсгэрийн геологийн тогтцын талаар тулгуур материалуудыг цуглуулж, чанарын өндөр түвшинд боловсруулан, эцсийн үр дүнгийн тайлангийн гол зохиогчоор оролцож, бүх тайлангаа онцсайн дүнтэйгээр Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлдхамгаалж байв. Лхүндэвийн оролцон гүйцэтгэсэн геологийн зураглалын ажлын нийт талбай нь Монгол орны нутаг дэвсгэрийн 18.7% болж байгаа нь түүний ажлын үр дүн, цар хүрээг илэрхийлнэ.

Шаравсамбуугийн Лхүндэв нь Монголын геологийн салбарт ажиллах хугацаандаа Хэнтийн Хужхааны ховор металл, Завханы Оюутын зэс, Баян-Айраг, Шувууны алт-холимог металл, Өвөрхангайн Өлзийт булагийн гянтболд, Арвайхээрийн зэс, Уянгын алт, Дорноговийн Эрдэнэцогтын нүүрс, Дорнодын Бухт уул, Өлзийт толгойн алт, Хашаатын цав, Ганзага толгойн хайлуур жонш, Говь-Алтайн Өндөрцахирын холимог металл, Бааран булгийн төмөр, Баянхонгорын Бөөрөг, Цахир булагийн алт, Төв аймгийн Цацагтын давааны гянтболд, Цахиурт-Овооны алт, Өмнөговь аймгийнЗурамт, Аргалатын зэсийн, Баянхонгорын Хүрэнцавын алт болон бусад ашигт малтмалын олон арван эрдэсжсэн цэг, сарнилын хүрээнүүдийг илрүүлэн үнэлгээ өгсөн байдаг.

Шаравсамбуугийн Лхүндэв нь залуу хойч үеийн геологичдыг дагалдуулан сургахад онцгой анхаардаг байсан ба түүний үе үеийн шавь нар өнөөдөр геологийн салбарт амжилттай ажиллаж байна.

Шаравсамбуугийн Лхүндэвийн хөдөлмөрийн бүтээл, зүтгэлийг үнэлэн 1984 онд Тэргүүний геологич цол тэмдэгээр, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар, 1999 онд Алтангадас одонгоор, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2019 онд Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор мөн 2015 онд салбарын мэргэжлийн холбоодын “Алдарт геологич” цол хүртээсэн юм.

Монгол геологийн салбарт ухамсарт амьдралаа зориулсан үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр тань бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ум сайн амгалан болтугай.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3878
Нийт 3749266