Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


 

      Монгол Улсын Их Хурлын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар анхны бодлогын бичиг баримт батлагдсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд батлагдаж, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгадаа дурдав.

   Мөн тэрбээр, цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулгадаа онцолсон.

    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудал сүүлийн 30 жил яригдсан ч үр дүнд хүрээгүй байгаа шалтгааныг тодруулахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулж байгаа парк байгаа эсэхийг илүүтэй лавласан. 

      Ажлын хэсгийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн үзэл баримтлалыг 2003 онд, хуулийг нь 2009 онд баталсан. Парк байгуулах асуудал Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байж байгаад 2014-2016 оны үед Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд, 2016 оноос хойш хүнд үйлдвэрийн асуудал нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, хөнгөн үйлдвэрийн асуудал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд хамаарч, хоёр хуваагдсан. Тэгэхдээ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль нь Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтай зөрчилтэй байдаг тул хуулийн төсөлд зөрчил, давхардлыг арилгах өөрчлөлт оруулсан гэсэн тайлбарыг өгч байлаа. Мөн хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх паркийн зөвшөөрлийг таван аж ахуйн нэгж авсан байдаг ч өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа нь техник эдийн засгийн үндэслэлээ хийж дуусаад, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын түвшинд байна. Олон улсын туршлагаас харахад дэд бүтэц нь бэлэн болсон газраа паркийн үйл ажиллагаагаа татдаг. Монголд паркын ажил удааширч байгаа шалтгаан нь дэд бүтцийн асуудалтай холбоотой гэж байлаа. 

    Ингээд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3521
Нийт 3748909