Монголын Универсал Дриллинг компани дахин тэргүүлэв

Монголын Универсал Дриллинг компани дахин тэргүүлэв

Монголын уул уурхайн 90 жилийн ой, Геологийн алба байгуулагдсны 73 жилийн ойг тохиолдуулан “Геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдаан”-ыг өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол Улсын Өрөмдлөгийн холбооноос хамтран зохион байгууллаа.
 
Хурдан хүлгийн удамтай, эрийн хийморь сэргээсэн Шилийн Богд уул, төрийн тахилгат Алтан овоотой, жанжин Сүхийн төрөлх нутаг Сүхбаатар аймгийн геологи-уул уурхайн “Монзол” ХХК-ны “Эрвэн хүдэр”-ийн төмрийн ордод “Бриллиант” ХХК-ны өрөмдлөгийн төхөөрөмжүүд дээр энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм.
 
Уралдаанд 2008 оны аварга Эрдэнэт үйлдвэрийн Геологи-хайгуулын анги, 2010 оны аварга “Танан импекс”, өнгөрсөн 2011 оны аварга Монголын Универсал Дриллинг (MUD), “Монголын үндэсний алмазан өрөмдлөг”, “REO”, “Бриллиант” зэрэг өрмийн компаниудын багууд, “Sandvik Mongolia”, “Nippon boring tool”, “Greenland Enterprises”, “MSM”, “Hera equipments” зэрэг өрмийн дотоод, гадаадын бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн болон өрөмдөгчид, дэмжигчид, сонирхогчид оролцлоо.
 
Намрын нарлаг өдрүүдэд зээрийн сүрэг давалгаалсан уужим энэ тал нутагт явагдсан уг уралдаанд өрмийнхөн маань арга ухаанаараа уралдаж, амжилт бүтээл, туршлагаа хуваалцаж, шилдэг тэргүүний техник технологийн талаархи мэдээллээ харилцан солилцов. Өрмийн мэргэжлийнхний ажил үйлс, амжилт бүтээлийн уриа дуудлага болдог, хийморь золбоог сэргээн эрч хүч өгдөг энэ арга хэмжээнд манай өрөмдөгчид амжилттай сайн оролцлоо.
 
 
 
Уг уралдаан ихээхэн өрсөлдөөнтэй болж өрөмдөх чанараараа IX-XI зэргийн ихээхэн хатуу бөгөөд элээх чанар өндөртэй төмрийн хүдэр болон түүнийг агуулагч чулуулаг, хувирал, бутралын бүстэй хүндрэлтэй нөхцөлд ээлжийн 12 цагт шилжүүлэн, чанарын шаардлагын дагуу тооцвол өмнөх 2011 оны аварга Монголын Универсал Дриллинг (MUD) ХХК-ны өрмийн мастер Б.Ариунболд ахлагчтай, Э.Баясгалан, С.Сэрэмжбаатар туслахтай баг 45м өрөмдөж, тэргүүн байр эзлэж, уралдааны цомыг 2 дахь удаагаа хадгалах эрхтэй болсон бол, 2008 оны аварга Эрдэнэт үйлдвэрийн Геологи-хайгуулын ангийн өрмийн мастер Э.Эрдэнэбаяр ахлагчтай, Г.Ундрах-Эрдэнэ туслахтай баг 39м өрөмдөж аман хүзүүдэн, мөн “MUD” ХХК-ны өрмийн мастер Л.Отгонбаяр ахлагчтай, Э.Энхжаргал, С.Сэрэмжбаатар туслахтай өөр нэг баг 28.8м нэвтэрч удаалав. Мөн түүнчлэн “Бриллиант”ХХК-ны өрмийн мастер Баяа ахлагчтай, Балт туслахтай баг 34.2м, “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-ны өрмийн мастер Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай, Н.Лхагвасүрэн туслахтай баг 20.4м тус тус өрөмдөж тэмцээний тусгай байхыг эзлэв. Тэмцээний цомыг нэгэн байгууллага, баг хоёр удаа дараалан авсан нь ирэх жилийн тэмцээнийг ихээхэн сонирхолтой болгосон юм.
 
Өрмийн хушуу хурц, өрөмдлөгийн хурд өндөр, өрмийнхөн та бүхний маань ажил үйлс, амжилт бүтээл улам их байхын ерөөлийг дэвшүүлж байна.