Уул уурхайн сайд Р.Жигжидийн “НЭГ САЯ ТОНН БАЯЖМАЛ” ёслолын ажиллагаа дээр хэлсэн үг

Уул уурхайн сайд Р.Жигжидийн “НЭГ САЯ ТОНН БАЯЖМАЛ” ёслолын ажиллагаа дээр хэлсэн үг

Юуны өмнө Монгол Улсын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын бахархал болсон Оюу Толгой төслийн “Нэг сая тонн баяжмал” үйлдвэрлэсний ёслолын ажиллагаанд оролцож буй Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхайн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
 
Оюу Толгой орд бол манай улсын үндэсний үнэт баялаг болохын хувьд Та бүхний гаргасан энэхүү амжилтаар монголчууд бүгдээрээ бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
 
Энэхүү амжилт бол нэг талаас Оюутолгой компанийг удирдан зохион байгуулж буй менежментийн багийн ажлын үр дүн, нөгөө талаас 95 хувийг бүрдүүлж монгол ажилчдын авъяас, чадвар, мэргэжил, нөр их хөдөлмөрийн үр шим  хэмээн үзэж байна.
 
Та бүхний бүтээлч үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам бодлогоор дэмжин ажиллаж ирсэн билээ. Эдүгээ Монголын эрдэс баялагийн салбар төрөөс баримтлах бодлоготой болж , урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
 
Өнөөдөр бидний тэмдэглэж буй энэхүү хөдөлмөрийн амжилт нь Оюу толгой төсөлд оролцогч бүх талд үр өгөөжтэйгээр олон арван жил үргэлжлэх харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашдын хамтын ажиллагааны ирээдүйг тодорхойлж байна.      
 
Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Та бүхэн өнөөдрийн хүрсэн амжилтаа улам батжуулан бэхжүүлж, ирээдүйн он жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
 
Оюу Толгой төслийн удирдлага, ажилтнууд, уурхайчид Та бүхэнд дахин  чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлье.