Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат) системээс мэдээллийг цахимаар авах боломж бүрдлээ

Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат) системээс мэдээллийг цахимаар авах боломж бүрдлээ

АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай,бодитоор хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат)системийг хөгжүүлэн энэ онд нэвтрүүлж байна. 

МонГеоКат системийг Австрали Улсын Засгийн Газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)-ийн тусламжтайгаар “Оюуны цоморлиг импекс” ХХК хөгжүүлсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Оюуны цоморлиг импекс” ХХК-ийн зөвлөх Д.Амарсайхан зэрэг албаны төлөөлөгчид оролцлоо.

Системийг танилцуулгыг хийх үеэр АМГТГ-ын дарга Б.Баатарцогт "Монгеокат систем нь Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтрийг бүрдүүлсэн томоохон ажил юм.Тиймээс энэ цахим үйлчилгээг орчин үеийн технологи дээр суурилуулан байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн Австрали Улсын Засгийн Газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бүхий л хамтарч ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье" гэсэн юм.

МонГеоКат нь Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв (ЭБМТТ)-д буй геологийн мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд хүргэх зорилготой, хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем юм.

МонГеоКат системийн

Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг нь цахим сүлжээний орчиндорон зайн хайлт хийх боломжтой газарзүйн мэдээллийн систем (Веб ГМС) бөгөөд уг систем нь орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGISпрограмд суурилсан.

Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг нь геологийн мэдээллийн тухай хураангуйг түлхүүр үгээр хайх метадата-каталоги систем бөгөөд энэ нь орон зайн мэдээллийн каталоги хийхэд хэрэглэдэг GeoNetwork програмд суурилсан. Метадата гэдэг нь ямарваа мэдээллийн талаарх хураангуй мэдээ бөгөөд тухайн мэдээллийг хэн, хэзээ, хаана, хэрхэн, ямар зорилгоор бэлтгэсэн талаар өгүүлнэ.

Хэрэглэгч МонГеоКатсистемээс дараах мэдээллийг хайх боломжтой. Үүнд:

Веб ГМС-ийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг, жижиг, дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэл

Метадата-каталоги системээс олон сонголтот хэрэгсэл ашиглан хайлт хийж, мэдээллийн тухай хураангуй буюу уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт, бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээлэл.

Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч дараах цахим хуудсанд хандан ашиглах боломжтой.

http://geonet.mris.mn

http://webgis.mris.mn