ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

 ДАМБИЙН САНЖААДОРЖ

/1948-2020/

Монгол Улсын Геологи, эрдэс баялгийн яамны Тэргүүн дэд сайдасан, ахмад геологич Дамбийн Санжаадорж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр таалал төгсөж, Монголын геологичдод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Санжаадорж нь 1948онд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт төржээ.

Тэрээр 1955онд сумын бага сургуульд элсэн суралцаж байгаад 1957 онд Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургуульд шилжин суралцаж, 1965 онд уг сургуулийг дүүргэсэн байна.

Талийгаач нь 1965-1970 онд МУИС-ийн Геологийн ангид суралцан төгсөж, Геологич мэргэжил эзэмшсэнээс хойш геологийн салбарт амьдралаа бүрэн зориулсан хүн байлаа.

Д.Санжаадорж нь 1970 онд Чойрын удирдах газрын 1:200000 масштабын геологийн зураглалын Манлайн ангид инженер геологич, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Дундговийн Өндөршил сумдын нутагт гүйцэтгэсэн 1:200000 масштабын геологийн зураглалын ангид Ерөнхий геологич, 1974-1978 онуудад гүйцэтгэсэн 1:200000-ны масштабын геологийн бүлэгчилсэн зураглалын ангид Ерөнхий геологич,  1979 оноос Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Геологи, ашигт малтмалын хэлтэст зураглал хариуцсан мэргэжилтэн, улмаар Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яам, Хүнд үйлдвэрийн яаманд ерөнхий геологич, газар, хэлтсийн дарга, Засгийн газрын Улсын геологийн төвийн дарга, 1992-1994 онуудад Геологи, эрдэс баялгийн яамны Тэргүүн дэд сайдын албан тушаалыг хашиж байлаа.   

Төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн геологичийн хувьд Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн судалгааг өргөжүүлэх, түүний чанар үр дүнг дээшлүүлэхэд онцгой анхаарч, салбарыг хөгжүүлэж, бэхжүүлэхэд өөрийн бие сэтгэл, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан хүн байсан юм.

Д.Санжаадорж нь 1995 онд “Жи-Си-Эс” компанийг үүсгэн байгуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх Говийн Их Дархан газрын буюу өмнөд Монголын хэмжээнд эпитермаль алтны хүдэржилтийн судалгааг анх удаа Монгол Улсад гүйцэтгэсэн бөгөөд энэ судалгааны хүрээнд Талын мэлтэс, Хатан суудал, Шүтээн Ханбогд, Саран Уул, Их Шанхын нуруу, Нүхний нуруу болон бусад олон тооны орд, илрэлийг хамруулан судалж, Монголын геологид барууны геологийн ойлголт, арга аргачлалыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Мөн Монгол Улсын геологи-уул уурхайн үндэсний анхдагчдын нэг болох “Эрэл” компанийн Геологийн хэсгийг 1999-2001 онуудад удирдан ажиллаж, эх орныхоо эрдэс баялгийн санг арвижуулах үйлст өөрийн хөдөлмөрөө шингээжээ.

Монгол Улс, түүний төрийн албаны туршлагыг нь үнэлэн Түлш, эрчим хүчний яамны Зөвлөх, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар 2006-2008 онд томилон ажиллуулсан байна.

Д.Санжаадорж нь геологийн хээрийн ажлын болон онолын өндөр мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авьяас чадвартай, геологийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай ахмад геологич нарын нэг байсан юм.

Тэрээр Е.Евтушенко, О.Куваев, Е.Парнов, В.Осипов нарын геологичдын болон дэлхийн түүхийн сэдэвтэй роман, туужийг Монгол хэл рүү орчуулж, танилцуулсанаас гадна Монголын геологичдын олон тооны ном, бүтээлийг эмхэтгэн, редакторлож хэвлүүлсэн авъяаслаг орчуулагч, зохиолч, редактор байлаа. Мөн мэргэжил нэгт нөхдийн хамтаар “Есийн клуб”-ыг үүсгэн байгуулж, Монголын геологийн салбарт мартагдашгүй гавьяа байгуулсан эрхмүүдийг алдаршуулах “Монголын Геологийн Есөн эрхэм” цуврал номыг эрхлэн ажиллаж байснаас гадна “Есөн эрдэнэ” цуврал нийтлэлийн бүтээлийг бичиж, хэвлүүлсэн нь түүнийг Монголын геологийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан сэхээтэн хүн байсны тод илэрхийлэл юм.

Түүний хөдөлмөрийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, Засгийн газрын хүндэт жуух бичиг, “Тэргүүний геологич” цол, тэмдэг, ойн медалиудиар тус тус шагнаж байжээ.

Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, алиа хошин, ухаалаг, эгэл даруу, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ,

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА,

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН АХМАДЫН НЭГДСЭН ХОРОО,

МОНГОЛЫН ГЕОЛОГИЧДЫН “ЕСИЙН КЛУБ”