УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн  дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийлээ

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийлээ

Уулзалтын эхэнд Тарун Капур энэхүү уулзалт нь 2020 оны 12-р сард цахимаар зохион байгуулагдсан Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 7-р хуралдаан, 2021 оны 1-р сард Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Прадхантай хийсэн уулзалтын үргэлжлэл гэдгийг цохон тэмдэглээд, 2021 оны 1-р сарын 29-ний өдөр “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай”хуулийг УИХ-аар батлуулсанд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас энэхүү төсөлд онцгой ач холбогдол өгөн ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгааг тэмдэглээд, “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай”хуулийг батлуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг онцолсон юм. Уулзалтын үеэр дамжуулах хоолой байгуулах төслийн нарийвчилсан ТЭЗҮ болон инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлахад Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлэх, EPC-2, EPC-3 багцуудын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ. Дэд сайд Т.Капур Монголын талаас тавьсан хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад уламжлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор сайн чанарын коксжих нүүрсийг Монгол Улсаас БНЭУ-д нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ