УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ “ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Дэлхийн ашигт малтмалын хайгуул, олборлолтын олон улсын хэлэлцээрийн хүрээнд болдог зургаа дахь удаагийн “Олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалт”-д оролцлоо.
Канадын эрэл хайгуулчид, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг уг уулзалтаар Дэлхийн эдийн засгийн форум, Засгийн газар хоорондын уул уурхайн форум, ашигт малтмал, метал ба тогтвортой хөгжлийн асуудлаар улс орнуудын Засгийн газар, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудын удирдагчид салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, асуудлуудын талаар яриа хэлэлцээ хийдэг.
Энэ жилийн арга хэмжээ “Ирээдүйд бэлтгэх нь: Эрдэс баялгийн салбарт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор явагдаж, дэлхий дахинд тулгарч буй “Ковид-19”-тэй холбоотой хүндрэл бэрхшээл, сорилтуудтай улс орнууд хэрхэн нүүр тулж буй талаар оролцогчид санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байлаа.
Дэлхийн ашигт малтмалын хайгуул, олборлолтын олон улсын чуулган PDAC-2021 арга хэмжээ нь эрдэс баялгийн салбарын тэргүүлэх арга хэмжээ бөгөөд энэ сарын 8-11-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж уг хуралд 130 орны 23,000 гаруй төлөөлөгч оролцжээ.