ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛСЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт Засгийн газар нь “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ”, 13.2 дахь хэсэгт “Улсын нөөцийг Засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлнэ.” гэж тус тус заасан байдаг.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд УУХҮЯ-аас “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ын төслийг боловсруулан Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Энэхүү журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсэх болзошгүй нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн ач холбогдолтой юм.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ