САЛБАРЫН 23511 АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХАМРАГДЛАА
УОК, Өмнөговь аймгийн ОК-оос өгсөн чиглэлийн дагуу 4 дүгээр сард уурхайн ажилчдын ээлж солилтыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна.
Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн нийт 7307 жолооч нарыг эхний ээлжинд вакцинд хамруулсан бөгөөд вакцины 2 дахь тунг 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр болсон.
Мөн уул уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайнуудын 38.8 мянга гаруй ажилчдын дархлаажуулалтын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөн эхний 2 чиглэл буюу Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайнуудын ажилчдыг вакцинд хамруулах ажлыг Зэвсэгт Хүчний Жанжин штабын дархлаажуулалтын явуулын багтай хамтран эхлүүлж 3 дугаар сарын 28-ны байдлаар 84 аж ахуйн нэгжийн 9068 ажилчдыг вакцинд хамруулсан ба 2 дахь тунг 4 сарын 7-ны өдрөөс эхлүүлэх юм.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамтай хамтран Төвийн бүсийн томоохон 7 аж ахуйн нэгжийн 17294 вакцины тунгийн хангалтыг тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлснээр Шивээ-Овоо ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК, Шарын гол ХК-ийн ажилчдыг 100 хувь вакцинжуулалтад хамрууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд 12000 вакцины тунгийн татан авалтыг хийснээр өнөөдрийн байдлаар 4000 гаруй ажилчдыг вакцинд хамруулсан ба вакцинжуулалт үргэлжилж байна.
Ингэснээр салбарын нийт 23511 ажилтан дархлаажуулалтанд хамрагдаад байна. Харин зүүн болон баруун бүсийн 8 уурхайн 5164 ажилчдын вакцинжуулалтыг Зэвсэгт Хүчний Жанжин штабын явуулын багтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Уурхайнууд дээр ажиллаж буй ажилчдыг вакцинд хамруулж байгаатай холбогдуулан 151 аж ахуйн нэгж тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, гэрээт аж ахуйн нэгжүүдийн Улаанбаатар хот дахь оффисд ажилладаг 7407 ажилтан, Улаанбаатар хотоос дараагийн ээлжинд гарах 13814 ажилтан нийт 21221 ажилчдын судалгааг гарган Улаанбаатар хотод вакцин хийх цэгээр үйлчлүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус хүргүүлснээр ажилтнуудөөрийн амьдарч буйхарьяа дүүргийн хуваарьт вакцинжуулалтын цэгт вакцин хийлгэх боломжтой боллоо.
ГАМШГАА ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ