ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж” байгалийн баялгийн ашиглалттай холбоотой суурь зарчмыг баталсан. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн төрөлжилт, инноваци, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгон санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.” гэж заасан. 

            Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолд “Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх, сангийн удирдлагын сайн засаглалыг хэвшүүлэх, сангийн хөрөнгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэддээ хүртээхдээ тэгш байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх” гэж заасан. 

            Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилгоор хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон.  

            Монгол Улсын хувьд хуримтлалын санг Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан. Харин Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хүрээнд газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд төвлөрүүлж,  санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог хараахан бий болгоогүй байна. Иймээс ч үндэсний баялгийн санг холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу хуримтлалын болон хөгжлийн сангийн хэлбэрээр нэгтгэн байгуулж, хөгжлийн сангийн эрх зүйн үндсийг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна. 

            Дээрх хэрэгцээ шаардлагын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр боловсруулан, түүнийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсрууллаа. 

            Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зорилт нь үндэсний баялгийн сангийн эрх зүйн үндсийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд хуулийн төсөл нь доор дурдсан агуулга бүхий 3 бүлэг 9 зүйлээс бүрдэж байна. Үүнд: 

1.Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зарчим, үндэсний баялгийн сан, түүний бүрэлдэхүүний талаар заана. 

            2.Хоёрдугаар бүлэгт үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлно.

            3.Гуравдугаар бүлэгт үндэсний баялгийн сангийн тайлагнал, ил тод байдал, хариуцлага хүлээлгэх үндэслэл,  хууль хүчин төгөлдөр болохтой холбоотой асуудлыг тус тус тусгана.

            Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан. 

            Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбоотойгоор Хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг зайлшгүй боловсруулах шаардлагатай. Уг сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан төрийн өмчийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компаниудын засаглалыг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, мөн дотогшоо чиглэсэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар уул уурхай, түүнийг дагасан дэд бүтэц болон бусад санхүүгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ажил, орлоготой дундаж давхаргыг тэлэх, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох зорилготой. Хуулийн төсөл нь 7 бүлэг 31 зүйлээс бүрдэхээр боловсруулсан. 

            Хөгжлийн сан нь дараах орлогын эх үүсвэрээс бүрдэх бөгөөд уг орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан. Үүнд: 

            1.Засгийн газраас сангийн эзэмшилд шилжүүлсэн хөрөнгө;

2.Хөгжлийн сангийн хөрөнгөд бүртгэлтэй төрийн өмчит болон төрийн

өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчид хамаарах хувьцааг борлуулсны орлого; 

3.Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас олох ашиг;

4.Хөгжлийн сангийн хөрөнгийг тодорхой дансанд байршуулсны орлого;

5.Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг богино хугацаанд тодорхой дансанд байршуулсны хүүгийн орлого;

6.Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хийсэн хуулийн этгээдийг өөрчлөн

байгуулсны үндсэн дээр бий болсон ашиг.

Хөгжлийн сан нь бүтцийн хувьд компанийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулах бөгөөд түүний удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэн сонгохоор төсөлд тусгалаа. Хөгжлийн сан нь хөрөнгө оруулалтын мандат болон хөгжлийн сангийн стратегийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хөгжлийн сан дараах шаардлагыг хангасан үндэсний төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулна:  

1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, улсын хөрөнгө

оруулалтын хөтөлбөрт тусгагдсан байх;

2.хөрөнгийн удирдлагын мандат, хөрөнгө оруулалтын стратегийн чиглэлд

нийцсэн санхүүгийн үр өгөөжтэй хөгжлийн төсөл, хөтөлбөр байх;

3.техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх;

4.техник, эдийн засгийн үндэслэлд дурдсан эдийн засгийн болон

санхүүгийн үр өгөөж нь мандатад тодорхойлсон зорилтот үр өгөөжийг хангахуйц байх; 

5.төслийн эрсдлийн үнэлгээ, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр

нөлөөг зохих аргачлалын дагуу тооцсон байх.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар баялгийн сангийн төрлийг тогтоож, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагад баримтлах нийтлэг зарчим, сангийн ил тод байдлыг хангана. 

Үндэсний баялгийн сангийн хуультай хамт боловсруулах Хөгжлийн сангийн тухай хуулиар хөгжлийн санг бий болгосноор Монгол Улсын эдийн засгийн бүтэц төрөлжиж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой өсөх боломж бүрдэнэ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд эерэгээр нөлөөлж бодит цалинг өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөллийг авчирна.

            Энэ хууль хэрэгжсэний үр дүнд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, үндэсний валютын ханшийг тогтвортой төвшинд барих, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, үндэсний баялгаа арвижуулах, үр өгөөжийг нь одоо ба ирээдүй үед санхүүгийн өгөөжтэйгөөр тэгш, шударга хүртээх зэрэг эерэг үр дагавартай болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор боловсруулж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар төрийн өмчит компанийг засаглалыг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлснээр төсвийн орлогод эерэг нөлөөлөл үзүүлнэ.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20.. оны … сарын … өдөр                                                                                      Улаанбаатар  хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ирээдүйн өв сан корпорацийн” гэснийг “Ирээдүйн өв сангийн корпораци, Хөгжлийн сан, түүний хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20.. оны … сарын … өдөр                                                                                      Улаанбаатар  хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн 9.8 дугаар зүйлийн “Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчихгэснийг “Үндэсний баялгийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай хууль зөрчих” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20.. оны … сарын … өдөр                                                                                      Улаанбаатар  хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

“7.1.1.Хөгжлийн сангийн ногдол ашиг;

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20.. оны … сарын … өдөр                                                                                      Улаанбаатар  хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

“21.1.15.Хөгжлийн сангийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 9.1.6-д заасан сангийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэр.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

20… оны … дугаар сарын … өдөр                       Дугаар …                      Улаанбаатар хот

ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/”Эрдэнэс Монгол” ХХК-ийг Хөгжлийн сан ХХК болгож үйл ажиллагааг зохион байгуулах;

2/уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн төрийн өмчийн хувьцааг Хөгжлийн сан ХХК-д шилжүүлж, холбогдох бүртгэлийг хийлгэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.

ГАРЫН ҮСЭГ

Хөгжлийн сангийн тухай

https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2021/11/SDF-law-draft-Oct-2021-v6.pdf

Үзэл баримтлал

https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2021/11/2021.11.15-Үзэл-баримтлал.pdf

Дагалдах хууль

https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2021/11/2021.11.11-Дагалдах-хууль.doc

Танилцуулга

https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2021/11/2021.11.11.-Taniltsuulga.doc