Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа

Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа

Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” өнөөдөр /2021.11.22/ хуралдаж дараах зөвлөмжийг гаргалаа. Үүнд:

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд: Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг  огцом хэлбэлзэлгүйгээр, зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллах;
  2. Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 311 дугаар тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг, бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг бага хүүтэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг хамтран судлах;
  3. “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүдэд: “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн журмыг шинэчлэх;
  4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагуудад: Шатахууны хангамж, нөөц, гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдал, үнийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах.

Хурлын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сэтгүүлчид шатахууны хил үнэ болон жижиглэнгийн үнэ цаашид хэрхэх, үнийн өсөлтийн дарамтыг хэрхэн зохицуулж байгаа талаар тодруулсан. 2021 оны 11 сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 доллар байгаа ба жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Энэ үнэ дээр гаалийн албан татвар, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны нийт өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа юм.

Иймд цаашид шатахууны үнийг зах зээлийн горимоор явуулж, үнийг үе шаттайгаар чөлөөлөх хамтарсан зөвлөмжийг өнөөдрийн хурлаас гаргалаа. Гэхдээ иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүйгээр аажмаар зах зээлийн ханштай уялдуулан өсгөж, бууруулах асуудлыг хэлэлцсэн байна. Өөрөөр  хэлбэл, төр оролцохгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас импортлон борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцох автомат үнийн тооцоолол юм. Мөн үнийн өөрчлөлт нь нийт үнийн дүнгийн 5% буюу ойролцоогоор литр тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн заагийг тогтоох саналыг зөвлөлийн гишүүд дэмжлээ. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлд савлахгүйгээр аажмаар өсгөж, бууруулах автомат үнийн тооцоолол руу шилжиж байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсад нийлүүлэгдэж буй шатахууны хил үнэ нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2021 онд АИ-92 автобензин 71.3 хувиар, ДТ 59.6 хувиар өссөн байна.