ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АСУУДЛААР ХОЛБОГДОХ ЯАМД, УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САНАЛ СОЛИЛЦЛОО

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АСУУДЛААР ХОЛБОГДОХ ЯАМД, УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САНАЛ СОЛИЛЦЛОО

БНХАУ-ын Эрээн хотын “Шинэ коронавирустэй тэмцэх ажлын алба”-аас Эрээн хотын төмөр замын хилийн боомтын халдвар хамгааллыг сайжруулах, импортын бараа материалаар өвчний вирус дамжин орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрс, алт, газрын тос, төмрийн хүдэр, жонш зэрэг бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн импортлохыг хориглосон тухай мэдэгдэл гаргасан.

Үүнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох яамдууд болон уул уурхайн компаниудын төлөөллүүдийг оролцуулсан санал солилцох цахим уулзалт энэ сарын 18-нд боллоо.

Уулзалтаар уул уурхайн компанийн төлөөллүүд үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээ экспортлоход тулгарч буй хүндрэл, бэрхшээл, экспортын тээвэрлэлтийн шинэ гарц, арга замыг судалж байгаа талаараа мэдээлэл өгсөн.

Харин Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтыг нээх асуудлаар холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд хилийн зурваст чингэлэг солилцох ажлыг эхлүүлсэн. Цаашлаад Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэг солилцох ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байхын зэрэгцээ уул уурхайн компаниуд чингэлэг тээвэрт шилжих ажлыг эхлүүлэх нь зүйтэйг онцолсон.

 Цахим уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Цайрт минерал” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.