Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
- Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн алба сонгон шалгаруулалтаар талбай олгох ажлыг эрчимжүүлж, зохион байгуулалтын бэлтгэл ажил болон холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
- Намрын чуулганаар өргөн мэдүүлэх хууль, тогтоомжийн төслүүдийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж, холбогдох материал, баримт бичгийг бүрэн боловсруулан бэлэн болгох;
- Монгол Улсын хэмжээнд зам, гүүр барихад шаардлагатай Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шуурхай олгох. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл яаралтай бэлэн болгох;
- “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой тусгай зөвшөөрөл олгох, ажлын хэсгээрээ хуралдаж шийдэх асуудлуудыг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах;
- “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Яам, агентлаг харьяа газрууд өр, авлага үүсгэхгүй байх, шилэн дансны хөтлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтүүдийг хангах;
- Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулах, холбогдох танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх талаар тус тус үүрэг, чиглэлийг өгөв.






