МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХОЛБОЖ, ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БОЛОМЖТОЙ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотод үйл ажиллагаа явуулж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төв нь Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, төслүүдийг Хятадын зах зээлд гаргах, худалдан авагч болон хөрөнгө оруулагчтай шууд холбох чиглэлээр ажиллаж байна. 2026 онд тус төвтэй хамтран Монголын уул уурхайн төслүүдийг Хятадын хөрөнгө оруулагч, худалдан авагчдад танилцуулах, B2B уулзалтууд зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар тус төвд 50 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд зөвхөн 2026 онд 200 сая юанийн худалдаа, бизнесийн хэлцэл хийгдсэн байна.
Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятадын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд төлбөр тооцоо, тээвэр ложистик, зах зээлийн мэдээлэл, худалдан авагчтай холбогдох зэрэг олон асуудал тулгардаг. Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийг Хятадын зах зээлтэй шууд холбох чухал гарцын нэг нь Тяньжин хотод ажиллаж буй тус төвийн үйл ажиллагаа юм.
АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням тус төвийн хамт олныг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд хүрэлцэн ирж, Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдтэй танилцахыг урив.
Мөн Уул уурхайн үндэсний ассоциацитай нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, хоёр талын компаниудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтойг онцоллоо.
Тяньжин хот нь Монголын экспорт, импортын тээвэр ложистикийн чухал гарцын нэг бөгөөд тус хотод Монголын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих тогтмол платформ бүрдүүлэх нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хөрөнгө оруулалт болон хоёр улсын бизнесийн харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.


