ЭМГЭНЭЛ


Самбалхүндэв овогтой АЛТАНГЭРЭЛ (1943-2021)

 

Монгол Улсын төрийн соёрхолт, Зөвлөх инженер, геологичСамбалхүндэвийн Алтангэрэл 2021 оны 4 сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч бидэнд хүнд гарз тохиолоо.

С.Алтангэрэл нь  Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1943 онд төрсөн  ба 1952 онд Улаанбаатар хотын 11 болон 6-р сургуульд суралцан 1962 онд 10-р анги төгссөн байна. С.Алтангэрэл нь геологич болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 1962 онд  МУИС-ийн геологийн ангид элсэн орж 1970 онд МУИС-ийг ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэрэгжлээр төгсжээ.

1974 оноос Барилгын материалын  экспедицид, 1982 оноос Төвийн геологийн экспедицид инженер-геологич, ангийн дарга, барилгын материалын судалгаа хариуцсан ахлах мэрэгжилтэн,ерөнхий инженерээр, 1994 оноос Геологи, шинжилгээний “Алмаас ХК”-д ерөнхий геологичоор, 1996-1998 онд Геологи-эрдэс баялагийн хүрээлэнд металл бус ашигт малтмалын төслийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар, 1998 оноос Геологийн судалгааны товчооны Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны  төслийн Монголын талын удирдагч, ерөнхий геологичоор, 2001-2006 онд АМХЭГ-ын Геологийн мэдээллийн төвийн төрөлжсөн мэдээллийн сангийн ахлах инженерээр тус тус ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарчээ.

С.Алтангэрэл нь 1970 оноос эхлэн  барилгын материалын  эрдэс түүхий эдийн ба металл бус ашигт малтмалын  геологийн судалгаагаар 50 гаруй жил Геологийн салбарт ажиллах хугацаандаа  барилгын материалын эрдэс түүхий эд, металл бус ашигт малтмалын 50 гаруй ордын эрэл-хайгуулын ажлыг гардан хийжшинээр нээн, 140 гаруй ордын үр дүнгийн тайлан зохиож, нөөцийг нь үйлдвэрийн зэргээр үнэлэн ашиглалтанд шилжүүлснээс гаднасалбартаа олон арван шавь нар бэлдэж, удирдан хүмүүжүүлсэн багш хүн байлаа.

ТэрээрСонгино, Гишүүн, Байдлагын амны элс-хайрганы хольцын, Элстийн гол, Шороот, Салхитын элсний, Аралтын худаг, Хөтөл-II Хөх цав, Хэц толгой, Хужирт булаг, Бөхт, Цагаан чулуут, Хөх дэлийн шохойн чулууны, Цахиуртын гантигийн, Найрамдал тоосгоны шаврын ба керамик хавтанцарын түүхий эдийн, Нүүрэнтийн барилгын чулууны, Баянцагааны галт уулын шаарганы, Судлын болорын  зэрэг олон арван ордынэрэл хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, нөөцийг батлуулан, ашигт малтмалын сан хөмрөгийг нээгдүүлэх үйлсэд  жинтэй хувь нэмэр оруулсан геологч юм.

Төр засгаас түүний улс орны эрдэнэсийн санг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, ач холбогдолыг үнэлж  Монгол улсын Тэргүүний геологич цол тэмдэг, ЗХУ-ын (хуучин нэрээр) Геологийн яамны Хүндэт жуух, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль, Алтангадас одонгоор тус тус шагнаж байжээ.  2010 онд  ашигт малтмалын хайгуулын судалгааны  чиглэлээр Монгол улсын Зөвлөх инженер цол авсан байна.

Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэн гаргасан“Монголын геологи ба ашигт малтмал ” хэмээх 8 боть цуврал бүтээлийн   “Металл бус ашигт малтмал” ботийг зохиоход хариуцсан эрхлэгч, зохиогчоор оролцон ажилласан ба энэхүү бүтээлээрээ 2018 онд Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг нь  өндрөөр үнэлэж  Монгол Улсын Төрийн  соёрхол хүртээсэн билээ.

Талийгаач нь төлөв даруу, зарчимч шударга, хөдөлмөрч, залуу үеийг туршлага зөвлөмжөөрөө халамжлан сургасан, нэр хүндтэй нэгэн байлаа.Түүний ажилдаа хандах хариуцлагатай зан чанар, хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, үнэнч шудрага, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэжүлгэр дуурайлал болсоор байх болно.

Талийгаачийн хань, гэр бүл, ач зээ, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 5357
Өчигдөр 9416
Нийт 7216742