ЭМГЭНЭЛ


 
Аюушжавын БААСАНЖАВ
/1944-2021/
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын /Монгол Улсын/ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд асан, ахмад геологич Аюушжавын Баасанжав 2021 оны 06 сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Аюушжавын Баасанжав нь 1944 оны Бичин жил Завхан аймгийн Ургамал сумын нутагт Аюушжавын гэр бүлд мэндэлжээ.
1956 онд Завхан аймгийн Ургамал сумын бага сургууль, 1959 онд Завханмандал сумын 7 жилийн сургууль, 1962 онд Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. Улмаар 1962 онд Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны факультетийн геологийн ангид элсэн орж 1967 онд төгсжээ. Мөн 1969-1974 онд тус сургуулийн эдийн засгийн орой-эчнээ ангид суралцаж эдийн засагч мэргэжлийг эзэмшин ашигт малтмалын эрэл, зураглалын геологич, санхүүч-эдийн засагч гэсэн хос мэргэжил эзэмшжээ.
А.Баасанжав нь 1967 оноос Хөвсгөлийн геологийн удирдах газарт барилгын материалын хайгуулын ангид дагалдан инженерээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш Улаанбаатарын геологийн удирдах газарт Барилгын материалын хайгуулын ангийн дарга бөгөөд ахлах инженер, Баянхонгорын геологийн удирдах газарт Эрдсийн давсны хайгуулын ангийн дарга, ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны мэргэжилтэн, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институтийн орлогч захирал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын засгийн газрын референт, “Талст” компанийн захирал, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны ерөнхий мэргэжилтэн, Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн дэд захирал зэрэг албыг хашиж байжээ.
Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн зэрэгцээ Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэ” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Зоос гоёл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хайлааст, Багануур, Алтай-Улиастай эрчим хүчний систем хувьцаат компани болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай ажлыг хийж байв.
А.Баасанжав нь Хөвсгөл аймгийн Хатгалын элс, хайрганы ордын хайгуул, Дундговь аймгийн Мандалговийн элс, хайрга, барилгын чулууны орд, Чойбалсангийн элсний, Аралтын худгийн шохойн чулууны, Улаанбаатарын элс, хайрганы зэрэг барилгын материалын таван орд, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Бүрдийн давст, Цөнгөрөг, Шүүт, Холбоолж, Байнцагаан, Бэгэр, Буур, Цэцэг, Цоохор нуурын давсны 10 гаруй ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан хийж, эрдэс түүхий эдийн найрлагыг судалж, нөөцийн тооцоог хийж Монгол Улсын эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулан нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг геологичдын нэг байлаа.
Тэрээр 1975-1978 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны хайлуур жоншны ордуудын геологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж геологийн салбарын 22 дахь, геологийн эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2 дахь эрдэмтэн болжээ.
Түүнийг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэ, Цагаансуваргын зэс-молибденийн ордын зарим хэсэг, Тавантолгой, Тэвшийн говийн нүүрс, Дорноговийн Өргөний хайлуур жонш, Төмөртийн овооны Төмөр, Бүрэнхааны фосфорит, Цагаанчулуутын гантиг, Асгатын мөнгө, Улаан уулын гянт болд, Баян-Эрхэтийн битум, цеологит, Улаан, Цавын хартугалга, цайр, Мардайн ураны зэрэг Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч олон төрлийн ашигт малтмалын ордууд нээгдэж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Модотын цагаан тугалга, Мухар эрэг, Өвөрчулуутын алтны орд, Цагаандаваа, Улаан уулын гянт болдын зэрэг ордуудын ашиглалтын үйлдвэр байгуулагджээ.
Мөн тэрээр 1988 онд батлагдсан “Улсын үйлдвэрийн газрын тухай”, 1991 онд батлагдсан “Татварын тухай”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж дээрх хуулиудыг батлуулахад оролцсон гавьяатан байлаа.
А.Баасанжавын нөр их зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монгол улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнажээ.
А.Баасанжавын хөдөлмөрч, эгэл даруу, найрсаг зан чанар нь Монголын геологичдын зүрх сэтгэлд үүрд дурсагдан байх болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье!
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөл
Монголын Геологийн Холбоо
Монголын геологи, уул уурхайн салбарын ахмадын холбоо

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2074
Өчигдөр 2962
Нийт 7545612