ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ


ТӨСӨЛ

 

Засгийн газрын 2021 оны .... дугаар

  тогтоолын хавсралт

 

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ

ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1. Энэ журмын зорилго нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журам нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах болон түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хамаарна.

2 дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламж.

 

2.1. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх.

2.1.1 “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.1.2-д заасан гадаад улсын эрх бүхий байгууллагаас худалдан авсан талаарх албан ёсны баримтнь шаардлагагүй.

2.1.2. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.1.3-д заасан гадаадын норм, нормативын баримт бичгийн эх хувь, баталгаат орчуулга шаардлагагүй.

2.1.3. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.3-д заасан энэ журмын 2.1-т заасан байгууллага хүсэлтийг хүлээн авч, 30 хоногийн дотор багтаан шаардлага хангасан эсэхийг хянаж шийдвэрлэнэ.

2.1.4. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.3.2-д заасан төрийн захиргааны төв байгууллагаас санал авна гэснийг шаардахгүй.

2.1.5. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.3.3-д холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй.

2.1.6. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 3.5-д гадаадын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх хугацааг бүтээн байгуулалтын ажлын хугацаагаар тогтооно.

2.1.7. “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх журам”-ын 2.1.2-д заасан бүртгүүлэн хэрэглэхийг хүссэн Олон улс бүс нутаг, гадаад орны дэвшилтэд стандартын эх хувь шаардлагагүй.

2.1.8. “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх журам”-ын 2.1.3-д заасан стандартын орчуулгын баталгаажуулсан хувь шаардлагагүй.

2.1.9. “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх журам”-ын 2.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын стандарт хэрэглэх тухай бүртгэлийн мэдэгдэлд заасан хугацааны дотор үндэсний стандартын төслийг боловсруулж, батлуулах шаардлагагүй.

2.1.10. Олон улсын лицензтэй үйлдвэрийн үндсэн технологийн барилга байгууламжийн зураг төсөлд ашиглагдах норм, дүрэм, стандартыг бүртгүүлэх шаардлагагүй.

2.2. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төсөл.

2.2.1. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.2 зүйлд заасан тухайн барилга байгууламжийн байршлыг үйлдвэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн  барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож баталгаажуулна.

2.2.2. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.2 зүйлд заасан тухайн барилга байгууламжийн байршлыг үйлдвэрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн аймаг, нийслэлийн  Засаг дарга тогтоож баталгаажуулна.

2.2.3. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.3.3 зүйлд заасан тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг тусгах шаардлагагүй.

2.2.4. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.3.6 зүйлд заасан нарны тусгал, дээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материалыг тусгах шаардлагагүй.

2.2.5. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм”-ийн 3.4 зүйлд заасан  архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар батална.

2.2.6. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.8 зүйлд заасан зураг төслийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байхыг шаардахгүй.

2.2.7. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 4.5 дугаар зүйлд заасан Монгол улсын эрх бүхий хуулийн этгээдээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байна.

2.2.8. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 4.5.1 зүйлд заасан гэрээг байгуулах шаардлагагүй.

2.2.9. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 4.5.3 зүйлд заасныг Эх загвар зургийн үе шатанд шаардана. Бусад үе шатны зураг төсөл нь англи хэл дээр байна.

2.2.10. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.2 зүйлд заасан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1-д байгууллагын эрх бүхий албан тушаалтан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан нөхцөлд хүснэгт 1-д заасны дагуу гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна. Ажлын цар хүрээ, хэмжээнээс хамаарч дээрх хугацааг нэг удаа сунгаж болно.

2.2.11. Олон улсын лицензтэй үйлдвэрийн үндсэн технологийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхийг шаардахгүй.

2.2.12. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлын хэсгийг томилно.

2.2.13. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм”-ийн 6.5 зүйлд заасан Цогцолбороор баригдах барилга байгууламжийн хувьд технологийн нэгдмэл бус бүрдэл хэсгийн зураг төсөлд нь хэсэгчлэн магадлал хийнэ.

2.2.14. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм”-ийн 6.12.6 зүйлд заасан Инженерийн хангамжийн хувилбар, харьцуулсан тооцоо, сонгосон хувилбарын талаарх дүгнэлтийг шаардахгүй.

2.2.15. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм”-ийн 6.12.7 зүйлд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангуулсан байхыг шаардахгүй.

2.3. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, хяналт тавих, ашиглалтад оруулж паспортжуулах.

2.3.1. “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг Засгийн газар олгоно.

2.3.2. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.2 зүйлд заасан Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

2.3.3.“Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3.2 зүйлд заасан комиссийн бүрэлдэхүүнийг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.2-д заасан байгууллага тогтоож, комисс байгуулан ажиллуулж шийдвэрлэнэ.

3. дугаар зүйл. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах.

3.1. Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбай авах тухай хүсэлтээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. 

3.2. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 3.1-д заасан хүсэлтийг хянаж, Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

3.3. Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, сунгах хүсэлтээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу бичиг баримтын бүрдлийг хангана.  

3.4. Газрын тос боловсруулах үйлдвэр нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулна.

3.5. Засгийн газраас олгосон талбайд газрын тос боловсруулах үйлдвэрийн явуулах газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд Газрын тосны тухай хуулийн 11, 12, 13, 15, 16, 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 19, 20, 21, 26, 30, 32, 33, 34, 36, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтууд хамаарахгүй бөгөөд холбогдох бүх төрлийн төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

3.6. Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг буюу дотоодын хөрөнгө оруулалт давамгайлсан татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгоно.

3.7. Газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглах цамхагийг ажиллуулахад Барилгын тухай хуулийн 20.2-т заасан тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

3.8. Газрын тосны мэдээллийн сан хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 5.4-т заасан тайлан, материал, мэдээллийг цахим хэлбэрээр авах боломжгүй тохиолдолд хуулбарлан өгнө.

3.9. Газрын тос боловсруулах үйлдвэрийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд зориулан импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.25 болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.16-д заасан албан татварын чөлөөлөлт хамаарна.    

3.10. Энэхүү журмаар зохицуулаагүй бусад харилцааг Газрын тосны тухай хуулиар зохицуулна.

4. дүгээр зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах зөвшөөрөл олгох.

4.1. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагсдын хувьд тэнцүүлэн тогтоох асуудал тус бүтээн байгуулалтад үл хамаарна.

4.2. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Засгийн газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичиг, /давхардуулж бүрдүүлэлгүй/ гадаадын иргэний хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудас болон эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг үндэслэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгоно. 

4.3. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн хүсэлтийг үндэслэн Монгол улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Гадаадын иргэн харъяатын газар зохих визийг хөнгөлөлттэй тарифаар, шуурхай, саадгүй олгоно. Гадаадаас ирсэн ажиллах хүч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийг яаралтай горимоор шийдвэрлэнэ.

4.4. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.1-т заасныг үндэслэн мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүд дэвшилтэт техник технологи, нарийн мэргэшлийн ур чадварын туршлагаа хуваалцах, бусад ажилтныг дадлагажуулах, зөвлөн чиглүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

5. дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ашиглах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх.

5.1. Төсөл хэрэгжүүлэгч нь газрын тосны үйлдвэрийн барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материал тээвэрлэх үйл ажиллагааг Автотээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тээврийн хууль, Замын хөдөлгөөний дүрэм, ачаа тээвэрлэх дүрэм болон ачаа тээвэрлэлттэй холбоотой  стандартуудад нийцүүлэн зохион байгуулна.

5.2. Задлах боломжгүй, хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэхдээ авто замын ашиглалт хариуцсан байгууллагатайзөвшилцөн авто зам ашиглах талаар тооцоо судалгааг хамтран хийж хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэлтийн маршрут, цаг хугацааг тохирох ба замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байгууллагад хүсэлтээ гарган тээвэрлэлтийг тусгай дуут дохио бүхий автотээврийн хэрэгслээр хамгаалуулан тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангана.

5.3. Төмөр замын байгууллага нь газрын тосны үйлдвэрийн барилга угсралтад ашиглагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг захиалгын дагуу давуу эрхээр тээвэрлэнэ.

5.4. Газрын тосны үйлдвэрийн барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тээврийн яам хоорондын протоколын хүрээнд шуурхай шийдвэрлэх арга хэмжээг авна.

6 дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалт.

6.1. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг үйлдвэр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд төсөвт хамгаалалт, үйлдвэр ашиглалтанд орсноос хойш гэрээт хамгаалалтын хүрээнд Дотоодын цэрэг хариуцна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1846
Өчигдөр 2962
Нийт 7545384