Үндсэн зорилго:
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах
Үйл ажиллагааны чиглэл:
– Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт болон боловсруулах салбарт хөрөнгө оруулалт татах
– Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар уулзалт, зөвлөгөөн болон хэлэлцээрүүдийг зохион байгуулах
– Салбарын гадаад хамтын ажиллагааны талаар удирдлагыг мэдээллээр хангах
– Салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хариуцах
– Гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагуудыг салбарын үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах, гадаад сурталчилгааг зохион байгуулах
Гадаад хамтын ажиллагааны дараах ажлууд явагдаж байна. Үүнд:
Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан томоохон чуулга уулзалтуудыг зохион байгуулж салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс “Discover Mongolia”, “Invest Mongolia” зэрэг чуулга уулзалтыг түншлэгч байгууллагуудтай хамтран оролцоод байна. Мөн АНУ- д зохион байгуулагдсан Уул уурхайн MineExpo 2016 үзэсгэлэн болон Америк-Монголын 7 дахь удаагийн Бизнес Форумд тус яамнаас төлөөлөл оролцсон.
Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтыг татах тал дээр идэвхитэй ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сард олон улсын томоохон хайгуул болон олборлолтын компаниудыг оролцуулсан дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БНКазУ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Их Британи, Умард Ирландын Вант Улсын Гадаад харилцааны яам хооронд Монгол Улсын Олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах тухай санамж бичиг хэлэлцэх шатандаа явж байна.
Хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрүүд:
Хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ХБНГУ, Канад болон Австрали зэрэг орнуудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна. Төслүүдийг дурдвал:
MERIT төсөл
MERIT төсөл нь 11 сая долларын өртөгтэй, Канадын Засгийн газрын дэмжлэгээр эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах зорилготой бөгөөд 2016-2022 хүртлэх хугацаанд 6 жил үргэлжилнэ. Төсөл нь дараах гурван үндсэн чадавхийг бэхжүүлэх зорилготой:
– Төрийн голлох байгууллагуудын үр дүнтэй бодлого боловсруулалт болон түүний хэрэгжилтийг хангах,
– Хоёроос доошгүй аймагт, олборлох салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гол оролцогч талуудтай харьцах харилцааг орон нутгийн болон бүс нутгийн түвшинд сайжруулах,
– Олборлох үйлдвэрлэлийг дэмжиж хоёр сургалтын байгууллагад ур чадвар олгох сургалт явуулах, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг бэхжүүлэхэд нь туслах.
Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын тэргүүлэх асуудлууд болох бодлого, журам боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулахад шаардлагатай техник, арга технологийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилттой ажиллаж байна. Түүнээс гадна шийдвэр гаргахад талуудын болон орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын боловсон хүчний хэрэгцээ болон боловсролын байгууллагуудын сургалтын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана.
СЕСМИМ төсөл
СЕСМИМ төслийг 8,4 сая долларын өртөгтэйгөөр Канадын Засгийн газрын дэмжлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран 2015-2020 он хүртэлх 5 жилийн хугацаанд Монгол Улсын нийгмийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, ил тод байдал болон үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлж, олборлох салбарын төрийн бодлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна. Тус төслийн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Х.Бадамсүрэн ахлаж байгаа ба Стратеги менежмент, Тусгай зөвшөөрөл, Уурхайн хаалт, Аудит, Кадастр гэсэн нийт 5 ажлын хэсгийг холбогдох газар хэлтсийн дарга нар ахлан ажиллаж байна.
Сургалт зөвлөгөө өгөх хөтөлбөрөөр дамжуулан СЕСМИМ төсөл нь хамтран ажиллах үндсэн яамд, агентлагуудын чадавхыг бэхжүүлэх, олборлох салбарын удирдлагын бодлого, дүрэм журмын хэрэгжилтийг хамтран ажиллах яамд дотор болон тэдгээрийн хоорондын уялдаа холбоог зохицуулахад туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
“ЭРДЭС БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙН ИЖ БҮРЭН САНААЧЛАГА” хөтөлбөр
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь Монгол Улсын уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино. Тус хөтөлбөр нь ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
“ТОГТВОРТОЙ БИЧИЛ УУРХАЙ ТӨСӨЛ”
Монгол-Швейцарын хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Уул уурхайн яамтай хамтран /хуучнаар/ 2015 – 2018 оны хооронд “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2.8 тэрбум төгрөг тус төсөлд зарцуулагдаад байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээр Бичил уурхайн салбарт олон дэвшил гарсан. Үүнд: Бичил уурхайн эрх зүйн орчин бий болж, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогод Бичил уурхайн асуудал тусгагдсан. Бичил уурхайг албажуулснаар төрөөс бичил уурхайчдад үзүүлэх үйлчилгээ сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал сайжирч, осол аваарын тоо буурсан. Эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ үлэмж нэмэгдэж ашигт малтмал ашигласны төлбөрөөс хуримтлагдсан орлого эрс өссөн. Бичил уурхайчид зохион байгуулалтад орсноор орон нутгийн удирдлага болон бичил уурхайчдын хамтын ажиллагаа сайжирсан.