2017 он
Засгийн газрын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг томиллоо.
2016 он
Мэргэжлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг байгуулж, сайдаар Цэдэвийн Дашдоржийг томилов. Өмнө нь уг яамыг Уул уурхайн яам (2012-2016), Эрдэс баялаг, эрчим хүчний яам (2008-2012), Түлш, эрчим хүчний яам, Үйлдвэр, худалдааны яам(2000-2008), Хүнд үйлдвэрийн яам, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам, Аж үйлдвэрийн яам, Аж ахуйн яам зэргээр нэрлэж иржээ.
2015 он
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого (2015-2030)-ыг батлав.
2014 он
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого(2014-2025)-ыг батлав.
2009 он
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурав.
1994 он
Ашигт малтмалын тухай хуулийг баталсан бөгөөд 1997, 2006 онд шинэчлэн боловсруулжээ.
1978 он
Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нээлтээ хийв. Тус үйлдвэрийг монголчууд XXзууны манлай бүтээн байгуулалтаар нэрлэсэн бөгөөд 2010 онд Дэлхийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ.
1973 он
Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” нэгдэл байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэв. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт бүхий анхны томоохон аж ахуйн нэгж болох “Монголросцветмет”-ийн бүрэлдэхүүнд Толгойтын алтны үйлдвэр, Бэрх, Хажуу Улааны уурхайнууд, Айргийн жоншны үйлдвэр, хожим Бор Өндөрийн комбинат, Өргөний жоншны уурхай, Зэрэгцээ, Заамарын алтны үйлдвэрүүдийг багтаав.
1957 он
Налайхын нүүрсний уурхайн уурхайчин Дамдины Даваажавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон энэ салбарын анхны баатар болсон юм. Эдүгээуг цолыг геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 30 гаруй эрхэм хүртжээ.
1947 он
“Монгол нефть” хэмээх тусгай трестийг байгуулав.
1941 он
Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн үндэсний албыг байгуулав.
1939 он
Аж үйлдвэрийн яамны дэргэд Уурхай, ашигт малтмалын трест байгуулсаныг Монголын геологийн албаны үүсэл гэж албан ёсоор үздэг.
1923 он
“Ардын Засагт Монгол Улсын Уурхайн дүрэм” гэгчийг батлав. Уг дүрэм ёсоор газар, түүний баялгийг ашиглаж байсан бүх концессуудыг устгасны дээр ашигт малтмалтай газрыг бүртгэж, шинээр зөвшөөрөл олгох, хянах эрхийг Сангийн яаманд олгожээ.
1922 он
Ардын Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авч хэрэгжүүлэх хугацааг мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хэмээн заажээ.
1911 он
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үрээр Богд Хаант Монгол Улсыг тунхаглан зарлаж, Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулсны нэг нь Сангийн хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам байв. Уг яамны эрхлэх хэрэгт одоогийн уул уурхай, аж үйлдвэр хамаарч байлаа.
1897-1900 он
Бээжин дэх Оросын элчин сайдын яамны түшмэл Фон Грот, Манжийн амбан сайд Лин Хун жаны дэмжлэгтэйгээр Түшээт хан, Цэцэн хан аймгуудын нутагт алт ухаж, ашиглах 25 жилийн хугацаатай концессын эрх авчээ. Уг концессийн суурин дээр 1900 оны эхээр “Монголор” нэртэй нийгэмлэг байгуулжээ.
XIX-XXзууны эх
Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский, М.Б.Певцев, Г.М.Потанин, В.А.Обручев, К.П.Козлов, А.А.Чернов зэрэг жуулчин, эрдэмтэн, геологичдын удирдсан Оросын газарзүйн экспедиц, аялалын тайланд Монгол орны геологийн тогтоцын тухай анхны баримт мэдээллүүд гарч эхлэв.
XVII-XIX зуун буюу Манж чин улсын эрхшээлийн үед
Налайх зэрэг газраас чулуун нүүрс, Сэцэн хан, Түшээт ханы нутагт Бороо, Заамар, Сайн ноён хан аймгийн Дашдорж гүний хошуунаас алт, мөнгө, Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, Улаангом зэрэг газраас мана, оюу зэрэг эрдэнийн чулууг гар аргаар бага зэрэг олборлож байснаас гадна өнгөт металл малтаж, анхны боловсруулалт хийж байжээ.
XIII-XIV зуун буюу Юань гүрний үед
Юань улсын Үйлдэх явдлын хэлтсийн харьяанд Төмрийн товчоо байгуулж, төмрийн хүдэр боловсруулах ажлыг төрийн өмнөөс хариуцан эрхлэх болжээ. Түүнчлэн Хархорумын товчооны харьяанд Хаш эрхлэх хэлтэс байгуулж, улсаас хяналт дэмжлэг тавих болжээ.
XIII зуун буюу Их Монгол Улсын үед
Их Монгол Улсын 10,5 түмэн цэргийг зөвхөн нэг ээлжийн зэвээр хангахад 118125-122850 кг сайн боловсруулсан төмөр шаардагдаж байсан бөгөөд цэрэг бүхэн саадагт байдаг 60 сумнаас гадна хуяг, дуулга, халх бамбай, илд, жад, төмөр ялтсан хамгаалалттай гуталтай байв. Тиймээс цэрэг захиргааны нэгж бүр төмөр олборлодог ордтой, дархны газартай байсан ажээ.
VI-VII зуун буюу Түрэгийн үед
Түрэг угсааны аймгийнхан Алтайн нуруу орчмоор нутаглаж, хүдэр малтаж, боловсруулж байсан ба тэдгээр хүмүүс нь нүүрсчин, хүдэр хайлуулагч, төмөрчин, зэс, гуулины дархан зэрэг оноосон нэртэй болсон байв.
НТӨ III-I зууны буюу Хүннүгийн үед
Эртний Хятадын “Давс, төмрийн тухай бодрол” бичигт “Хятад орны ердийн хэсэг торгоор Хүннүгийн өдий төдий алтны үнэтэй юмыг авч, чингэснээрээ дайсан орны нөөцийг хорогдуулж байна… хаш, шүр, болор манай эрдэнэ болж байна” гэж бичиж байжээ.
НТӨ 4000-3000 жилийн тэртээ
Одоогийн Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Зоог зуух гэдэг газраас малталтаар олдсон эд зүйлсийн дотор 46х35х9 см орчим хэмжээтэй хоёр ширхэг зуух олдсон нь зэс хайлуулж байсан ул мөртэй байв.
Нийтийн тооллын өмнөх 800000 жилийн тэртээ
Чулуун зэвсгийн үед Монгол газар нутагт нутаглаж байсан бидний өвөг дээдэс цахиур чулуу, занар болон обсидиан зэрэг чулууг багаж зэвсэг болгон ашиглаж байжээ.