Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь УУЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь тэргүүтэй төлөөлөл УУЯ-нд зочилж Уул уурхайн яамны үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уул уурхайн сайд Р.Жигжид Уул уурхайн яам, эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг 2 жил гаруй хугацаанд шинэчлэн батлуулсныг тэмдэглээд, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллах бөгөөд 2015 онд “Боломж” гэсэн үгийг уриагаа болгон ажиллах болсныг мэдэгдлээ.
Мөн тус яамнаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын бэлтгэл хангагдаад байгаа, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг эрчимжүүлэх, зарим стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, 106 тусгай зөвшөөрлийг шалгаруулалтаар олгох ажил хэвийн үргэлжилж байгаа тухай Эдийн засгийн байнгын хорооны даргад танилцуулсан юм.
Түүнчлэн Хуулийн шинэчлэлийн хүрээнд УИХ-д өргөн баригдсан “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль”, “Зарим стратегийн ордыг эргэлтэнд оруулах тухай тогтоол”, “Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, “Зарим ордыг стратегийн ордод хамруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоол” зэрэг хуулийн болон тогтоолын төслүүдийг батлуулах, “Газрын хэвлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176-р конвенцид элсэн орох зэрэг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах зэрэг ажил хийж гүйцэтгэх юм байна. Улс орны эдийн засгийн байдалд чухал нөлөө үзүүлэхүйц тэдгээр баримт бичиг, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх тал дээр Эдийн засгийн байнгын хорооноос анхаарал хандуулна хэмээн найдаж байгаагаа Уул уурхайн яамны удирдлагууд тэмдэглэн хэлэв.
Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр геологийн судалгааны төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх тал дээр Эдийн засгийн байнгын хороо анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь УУЯ-ны зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч байгаагаа тэмдэглэж, дэмжин ажиллана гэж хэллээ.