Уул уурхайн сайд АМГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Хар зангиа, цэнхэр цамцаар ижилсэн тус агентлагийн хамт олон шинээр томилогдсон сайддаа ажлын амжилт хүсээд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцуулсан юм. Тус агентлаг нь 7 хэлтэс, 145 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 оны төлөвлөгөөгөө 156.9 хувиар биелүүлж нийт 41.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Одоогийн байдлаар 2736 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.0 хувийг эзэлж байгаа ба хоёрдугаар сард багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэхээр бэлтгэл ажлаа үндсэндээ хангасан гэдгээ АМГ-ын удирдлагууд сайдад уламжилсан юм.
Түүнчлэн төрийн үйлчилгээний хүнд сурталыг багасгах үүднээс геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээх болсон байна. Энэ мэт Ашигт малтмалын газрынханд сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажил чамгүй их байлаа. Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын газрынханд хандаж өнгөрсөн жилд гаргасан амжилтаа улам бүр бататган, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чандлан сахиж ил тод хариуцлагатай ажиллахыг онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн Уул уурхайн яам “Боломж” гэсэн үгийг энэ жилийн уриа болгон ажиллана гэдгээ дуулгалаа.