С.Мандахбат: Хуульд хүрэхээс илүү журмаа сайжруулах нь чухал
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбаттай ярилцлаа.
Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг олон улсын зарчим судалгаа, тайланд дурдсан. Та бүхний зүгээс одоогийн хэрэгжиж буй орчныг хэр сайжруулахаар зорьж байна вэ?
Тийм ээ.Том зургаар нь авч үзвэл салбарын эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Гэхдээ дахин сайжруулах, илүү тодорхой болгох, ойлгомжтой байлгах, хэрэгжих нөхцөл боломжийг нь хангах шаардлагатай тулгарч байгаа. Үүнтэй холбогдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татах чиглэлд нэлээд анхаарсан. Гэвч бидний хүлээсэн түвшинд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнгүй. Үүнд гадаад зах зээл нэг талаар нөлөөлсөн байх. Мөн дотоод эрх зүйн орчин, улс төрийн засаглал ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Дунд хугацаанд гадаад зах зээл, тэр тусмаа манай экспортын голлох түүхий эдийн үнэ сэргэх хандлагатай байна. Тиймээс биднээс хамаарч болохуйц эрх зүйн орчны болон бусад бэлтгэл ажлаа сайтар хангах нь чухал. Ингэснээр зах зээлийн үнийн таатай боломжийг алдалгүй ашиглана гэсэн үг. Уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр олон жилийн турш үргэлжилдэг. Энэ утгаараа эрх зүйн тогтвортой орчинд хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Бидний зүгээс салбарын эрх зүйн орчныг дөрвөн жилийн хугацаанд савлаад байдаггүй, илүү тогтвортой хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь гол асуудал гэж үзэж байгаа.
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд, тодруулбал ямар баримт бичигт нэмэлт тодотгол хийх вэ?
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэхээс илүү түүний дагаж мөрдөх журам, дүрмийг илүү боловсронгуй болгож, сайжруулах нь чухал. Ямар нэгэн байдлаар хүнд суртал гаргадаг, хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг асуудлыг үүгээр цэгцлэх гээд байгаа юм. Баталсан, хэрэгжиж байгаа хуулиудаа эргээд харахаар засаж, сайжруулах алдаа дутагдал ч нэлээд байна. Тиймээс хуулиа илүү чанаржуулах нь нэн тэргүүнд хийх ажил. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулагчдад боломж олгосон, эрх ашгийг нь хамгаалсан зохицуулалт хийх шаардлага бий.
Тухайлбал, хөрөнгө оруулалтын тухай хуульд ямар шинэчлэл хийх вэ?
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалтыг татах хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар судалж байгаа. Хөрөнгө оруулагчдад тогтвортой эрх зүйн орчныг баталгаажуулах, хуульд заасан дэмжлэгийг бусад хуультай уялдуулан олгоход нэмэлт, өөрчлөлт үндсэндээ чиглэх юм. Энэ хүрээнд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ингэснээр татварын хууль, хэмжээг тогтворжуулах талаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасныг улам баталгаажуулах юм. Дагалдах хуулийн нэг болох нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байна.
Хөрөнгө оруулалтыг татах чадварын индексээр манай улс тааруухан үзүүлэлттэй байгаа. Эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрэн боломжтой юу?
Тийм ээ. Хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд эрх зүйн орчноо илүү боловсронгуй, татварын болон бусад зохицуулалтын хувьд уян хатан нөхцөлтэй байлгахаар зорьж байгаа. Хөрөнгө оруулалтыг татах хамгийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Манайх хайгуулын хөрөнгө оруулалт татах чадвар болон төрийн бодлогын нөлөөллийн индексээ сайжруулах, энэ хүрээнд тодорхой ажлыг эхлүүлэх шаардлага бий. Хууль, дүрэм, журмын давхцал, түүний уялдаагүй байдал нь нөхцөл байдлыг муутгаж байгаа. Хуулийн систем маань шударга, ил тод, авилгагүй, хурдан шуурхай хууль, шүүхийн систем байх ёстой. Татварын орчин маш тодорхой, энгийн ойлгомжтой байхаас хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо нэмэгдэнэ.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал сүүлийн үед чухлаар тавигдах болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Засгийн газраас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гэж байгуулсан. Зөвлөлийн ажлын чиглэлийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд илүү тодорхой гаргаж өгөх шаардлага бий. Ингэснээр эрх ашиг нь улам баталгаажих учиртай. Тоймлон хэлэхэд, ирэх жилүүдэд уул уурхай болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд томоохон дэвшил авчирсан цаг хугацаа байх болно гэж харж байгаа. Энэ утгаараа эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгоход түлхүү анхаарна. Үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, харилцан ашигтай, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашиг хангагдаж, урт удаан хугацааны тогтвортой түншлэл өрнөх болов уу гэж найдаж байна.
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин
Б.Баяртогтох