АМГТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд хэвлэлийн хурал хийн, салбартаа өрнүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Алтны олборлолтын хэмжээ өссөн
Монгол банкинд тушаасан алтны мэдээнээс үзэхэд 2015-2016 онуудад алт тушаалтын хэмжээ өсөлттэй байгаа бөгөөд 2015 онд аж ахуйн нэгжүүдээс 6,38 тонн алт, 2016 онд 7,39 тонн алт тушаасан үзүүлэлттэй байна. Харин иргэдээс тушаасан алтны дүн 2015 онд 6.2 тонн, 2016 онд 11.1 тонн болон өссөн байна.
Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв
2016 онд 35,8 сая тн нүүрс олборлож, 34 сая тн нүүрс борлуулснаас 25,8 сая тн нүүрс экспортлов.
Нүүрсний нөөц 1.2 тэрбум тонн-оор нэмэгдлээ
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 7 аж ахуйн нэгж 2016 онд 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.
Төрийн өмчийн оролцоотой 6 компани нүүрс олборлож байна
Монгол улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн оролцоотой 6 компаниүйл ажиллагаа явуулж байна.
Газрын тосны хайгуул, олборлолт
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIXталбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шалгаруулалт зарласан.
Өнөөдрийн байдлаар нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3, газрын тосны 10 нийт 18 талбайд эрлийн гэрээ байгуулаад байна. 2016 онд газрын тосны эрлийн 5 гэрээ байгуулснаар нүүрсний давхаргын метан хийн 1, шатдаг занарын 1, газрын тосны 3 талбайд эрлийн ажил эхлээд байна.
Одоогоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Тосон-Уул XIX талбай нь 650 кв.км талбайг хамрах бөгөөд 868 цооног өрөмдөж, 456 цооногоос хоногт дундажаар 1800 тонн, Тамсаг XXI талбай нь 209.2 кв.км талбайг хамрах бөгөөд 477 цооног өрөмдөж, 228 цооногоос хоногт дундажаар 15 00 тонн, БХГ-97 талбай нь 239.5 кв.км талбайг хамрах бөгөөд 119 цооног өрөмдөж, 106 цооногоос хоногт дундажаар 170 тонн тос тус тус олборлож байна.
1996-2016 онуудад Тосон-Уул XIX , Тамсаг XXI, БХГ-97 талбайгаас 43.8 сая баррель тос олборлож, 43.6 сая баррель тос экспортлож, 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
2016 онд 8.25 сая баррель тос олборлож, 8.02 баррель тос экспортлон улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
2017 онд Тосон-Уул XIX талбайд 210,3 сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231,2 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийж, 1.1 сая тонн тос олборлож экспортлон улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна
Монгол Улс 2014 онд 1,314 мян.тн, 2015 онд 1,191 мян.тн, 2016 онд 1,227 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин 5 орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсуудаас тус тус импортолж байна.
2016 оны 7 дугаар сараас төгрөгийн ханш огцом суларсан, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдсэн, шатахууны хил үнэ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх нөхцөл бүрдсэн тул Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоол, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоолоор тус тус автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг зохих хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авлаа.
Шатахууны ердийн хэрэглээний 44 хоногийн нөөцтэй байна
2017 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3580 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын тусгай зөвшөөрөл 2022 ашиглалтын тусгай зөвшөөрөл 1558 байна. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.
Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Уул уурхайн яам /хуучин нэрээр/-с баталсан журмын дагуу 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 37 удаа цахим хэлбэрээр дугаар олгож 2335 өргөдлийг бүртгэсэн. Бүртгүүлсөн өргөдлөөс тусгай зөвшөөрөл олгосон 1244, татгалзсан 681 өргөдөл байна.
Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор нийтэд мэдээлсэн. Эдгээр талбай дээр Кадастрын хэлтэс 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мянган га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна.
2016 онд улсын төсөвт нийт 183.3 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ
2016 онд улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. Үүнд:
· Газрын тосны экспортын орлого – 134.2 тэрбум төгрөг
· Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 34.6 тэрбум төгрөг
· Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 1.9 тэрбум төгрөг
· Бусад орлого 12.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.
АМГТГ нь 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд:
· Газрын тосны экспортын орлого – 188.1 тэрбум төгрөг
· Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 37 тэрбум төгрөг
· Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 2.0 тэрбум төгрөг
· Бусад орлого 5.5 тэрбум төгрөг байна.