Ашигт малтмал, газрын тосны газрын 4 дүгээр сарын тойм
Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв
2017 оны 3 дугаар сард 3320,6 мян.тн өссөн дүнгээр 11980,7 мян тн нүүрс олборлож, 3941,3 мян.тн өссөн дүнгээр 10720,4 мян тн нүүрс борлуулсанаас 8137,5 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 133.2 %, борлуулалт 61.63 %, экспорт 75.12 %-ийн үзүүлэлттэй байна.
Гурван талбайгаас хоногт 2721 тонн газрын тос олборлож байна
Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаагаас 2017.01.01-2017.04.19-ны хооронд нийт 302 096тонн газрын тос олборлож, 303 797 тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.
2017 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаарТосон-Уул, Тамсагийн газрын тосны ордоос олборлож буй “Дачин 33” маркийн тосны үнэ 45.7ам.доллар/баррель, Зүүнбаян, Цагаан-Элсний ордоос олборлож буй Брент маркийн тосны үнэ 51.6ам.доллар/баррель байна.
Шатахууны ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна
2017 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 62, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна
ОХУ-ын “Роснефть” компанитай уулзалт зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн 2017 онд “Роснефть” компаниас нийлүүлэх шатахууны үнийг төвийн бүсээр 10 ам.доллар, баруун болон зүүн бүсээр 20 ам.доллараар буулгах хүсэлт тавьж, “Роснефть” компани 6 дугаар сард шийдвэрээ ирүүлэхээр боллоо.
БНХАУ-ын “Чайна-Ойл” компаниас 2017 онд нийлүүлэх шатахууны тоо хэмжээ, гэрээний нөхцөл болон үнэ тооцох томьёоллыг өөрчлөн сайжруулах талаар хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийлүүлэх шатахууны төрөл, тоо хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамж, шатахууны чанарын талаар хамтран судалгаа хийж эхлэхээр тохиролцлоо.
2017 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны жижиглэнгийн дундаж үнэ А-80 автобензин 1474 төгрөг, Аи-92 автобензин 1616 төгрөг, Аи-95 автобензин 1799 төгрөг, дизелийн түлш 1711 төгрөг байна.
Геологийн мэдээлэл ил тод,хүртээмжтэй болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв, хэрэгцээ шаардлага хангахуйц мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох зорилгоор Австрали- Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/-ийн хүрээнд АМГТГ-т геологи, геохими, гидрогеологи, орон зайн мэдээлэл зэрэг геомэдээллийг вебсайтад байршуулахаар ажиллаж байна. Мэдээлэл ил тод болсноор геологийн эрэл хайгуулын ажлын зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгдөг. 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3538 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна
|
|||||||||||||
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 397 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газар татан буугдсан, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газар болон Газрын тосны газар нэгдэн нийлснээр цацраг идэвхит ашигт малтмалын орд илрэл бүхий талбай, Цөмийн энергийн тусгай зөвшөөрлүүдийн талбай, газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, хайгуул болон, эрлийн талбайн мэдээлэл, солбицлыг нэгдсэн кадастрын бүртгэлийн системд нэмж бүртгээд байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой 18.2 сая гектар талбайн солбицлыг тодорхойллоо
Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр баталсан нь 1.6 сая гектараар нэмэгдэж нийт 10.2 сая гектар талбай болоод байна. Ингэснээр сонгон шалгаруулалтын ажлыг багц талбайгаар тасралтгүй явуулах боломж бүрдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой 18.2 сая гектар талбайн солбицлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахад бэлэн болголоо.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох ажлыг улам боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Цаашид Германы BGR төсөл, GAFAG компаний тусламжтайгаар Кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгох онлайнаар бүртгүүлдэг байх зохицуулалт хийхээр хамтран ажиллаж байна.
Ашигт малтмалын Кадастрын үйл ажиллагааг олон улсад мөрдөгддөг, уул уурхайн кадастрын тулгуур зарчим болох “ил тод байдал, үл ялгаварлах, бодитоор үнэлэх” зарчмуудыг баримтлан тодорхой, энгийн хялбар, шуурхай болгоход чиглүүлэн ажиллаж байна
Дэлхийн банкны тусламжтайгаар засаглалыг дэмжих төслийн хүрээнд “Уул уурхайн бүртгэл, кадастрын систем” төсөл Геологи, уул уурхайн Кадастрын нэгж дээр хэрэгжиж, Монголын уул уурхайн кадастрын ил тод, байдлыг сайжруулах, олон улсын түвшинд тавигддаг шаардлагыг хангахуйц иж бүрэн цахим системийг нэвтрүүллээ.Цахим системийг нэвтрүүлснээр:
-өргөдлийн явцыг харах,
-өргөдөл гаргах боломжтой талбайн зураг боловсруулах,
-сонирхсон талбайн давхцлыг шалгах,
-сонгон шалгаруулалтын талаархи мэдээлэл авах,
-хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн болон ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайн зураг, статистик мэдээлэл харах зэрэг минут секунд тутамд өөрчлөгдөж байгаа кадастрын бүртгэлийг харж мэдээлэл авах бүрэн боломжтой болсноор кадастрын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болоод байна.
2017 онд 322 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 204 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 322 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 204 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.
"Алт-2" хөтөлбөрийн талаар
Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлагдаад байгаа билээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулсан.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой юм.
Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.
Алт-2 үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө батлагдсан бөгөөд Дэд ажлын хэсгүүдэд төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байна. "Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт батлагдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг АМГТГ-ын цахим хуудаснаас харах боломжтой.
Улсын төсөвт 2017 онд 232,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 78,8 тэрбум төгрөгийг төвлөрүүллээд байна
АМГТГ нь улсын төсөвт эхний 4 сарын байдлаар 78,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Газрын тосны экспортын орлогоос 188,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2017.04.25
Улаанбаатар хот