“Бидний алдааг залруулж сайн ажиллаарай” гэв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав шинэхэн хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин гуайг хүлээн авч уулзлаа.
П.Дамдин хэмээх энэ эрхэм салбарын яамны сайдаар 20 жил ажиллахын зэрэгцээ хуучнаар МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж явжээ.
Тэрээр салбарын залуустаа хандан “Өмнөх нийгэмд алдаа дутагдал бишгүй байсан. Газар нутгаа уул уурхайн зориулалтаар ашиглах гэхээр нэг ч инженергүй үе хүртэл байсан учраас орос ах нарт зарим нэг уурхайг ашиглуулж байсан. Мэдээж энэ нь дайны үед ах нараас хамгаалалт авсны хариу байсан биз. Түүнээс хойш 40 жил бид мэргэжилтнээ бэлдсэн. Одоо монголчууд хийж, бүтээж чаддаг болчихлоо. Их бүтээн байгуулалтыг хийхэд монголчуудынхаа хүч, ухааныг түлхүү ашиглаарай” хэмээн захилаа.
Дэд сайд Д.Загджав “Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолоор энгэрээ мялаасан П.Дамдин гуай танд яамны хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье. Бид уул уурхайн эмзэг халуун сэдвүүдээр энэ яамны удирдлагад ажиллаж байсан ахмадууд, салбарын зөвлөх инженерүүдтэйгээ удаа дараа уулзаж, зөвлөгөө авч хамтран ажиллана” гэв.