САЙД Д.СУМЪЯАБАЗАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Сайд Д.Сумъяабазар Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Хятад Улстай уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талаас улс төрийн нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв.
Элчин сайд Шин Хаймин “Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал”-ын талаар товч мэдээлэл өгөн, БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улстай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч чухалчлан авч үзэж, тасралтгүй хөгжүүлэх болно гэснийг дамжуулав.
Мөн хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж хоёр тал холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэн, хамтран ажиллахаар санал солилцлоо.
Тухайлбал, зэсийн баяжмал боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр гэх мэтээр боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын төслүүд болон Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам дээр үүсээд буй нүүрс тээвэрлэгч том оврын авто машины түгжрэл зэрэг асуудлуудыг харилцан ашигтайгаар хамтран шийдвэрлэхээр ярилцсан юм. Элчин сайд Шин Хаймин холбогдох хүмүүст уламжилж, арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэв.
УУХҮЯ