“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2018” АРАВ ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт 2018 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын арга хэмжээнд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито, Английн ЭСЯ-ны Уул уурхай дэд бүтцийн захирал А.Элбэгсайхан нар болон орон нутгийн төлөөллүүд оролцлоо.
“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдахаас гадна “геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж байгаа төслүүдээ танилцуулах "Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт"-ыг чуулганы 2 дахь өдөр зохион байгуулах юм.
Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж, нөөцийг нэмэгдүүлсэн ажлын үр дүн, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”-аар, мөн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олныг ажлын амжилт, бүтээлээр нь “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулж, шагналыг гардуулна.
Энэ үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах бол чуулга уулзалтын дараа буюу 3 дахь өдөр “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлалыг геологи хайгуулд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр Монгол Улсын их сургуульд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн 8 модул оноо бүхий сургалт явагдах аж.
Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Монгол Улсын гавъяат багш Д.Чулуун, доктор С.Хишигсүрэн нар удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.