Металлурги, машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарынхан 25 Мэргэшсэн инженерээр эгнээгээ өргөтгөлөө
Металлурги, машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.04.06/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.
“Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох сургалтыг амжилттай суралцаж төгсөн, инженерийн болзол хангасан 25 хүнд УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн төлөөллүүд батламж, тамга, энгэрийн тэмдэгийг гардуулж, баяр хүргэв.
“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох журам”-ын 6.1-д заасны дагуу Механик тээврийн сургуулиас мэргэшсэн инженерийн зэрэг олгох хүсэлтийг “Металлурги, машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл”-д ирүүлжээ. Энэ дагуу тус Зөвлөлөөс шийдвэр гаргаж, УУХҮ-ийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/75 дугаар тушаалаар эдгээр 25 мэргэжилтэнд “Мэргэшсэн инженер”-ийн зэргийг олголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.