Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид мөн айлчилж буй юм.
Хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ энэ сарын есний өдөр болов. Хэлэлцээний үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.
Талууд хоёр орны харилцаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэв. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов.
Талууд цаашид хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.
Талууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг(300 сая ам.доллар), “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр(600 сая юанийн буцалтгүй тусламж)”, Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө”, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурав.