Олон улсын зэсийн судалгааны группын уулзалтад оролцлоо
Португал Улсын Лиссабон хотноо 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулагдсан Олон улсын зэсийн судалгааны групп (ОУЗСГ)-ын уулзалтад УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад зэсийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн зэсийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгч, хэрэглэгч улс орнуудын Засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцсон тус уулзалтаар дэлхийн зэсийн зах зээлд нөлөөлж буй гол асуудлуудыг хэлэлцэв. Статистикийн хорооны уулзалтын үеэр цэвэр зэсийн үйлдвэрлэл болон түүний хэрэглээний тэнцлийн дүр зургийг ОУЗСГ байгууллагаас боловсрууллаа.
Тус байгууллагаас гаргасан 2018-2019 оны дэлхийн зэсийн зах зээлийн төлөв байдлын талаарх мэдээллийг хүргэе.
2017 онд 1.5 хувиар буурсан дэлхийн зэсийн олборлолт 2018 онд 3 орчим хувиар өсч, 2019 онд өөрчлөлтгүй, тогтвортой хэвээр хадгалагдах хандлагатай байна:
- 2017 онд шинэ томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй, нийлүүлэлтийн сүлжээ доголдсон шалтгаанаас үүдэн дэлхийн зэсийн олборлолт 1.5 хувь буурсан хэдий ч энэ онд 3 хувиар өсөх хандлага ажиглагдаж байна.
- 2017 онд олборлолт нь хязгаарлагдаж байсан Чили, Индонези улсуудын үйлдвэрлэл хэвийн хэмжээнд хүрснээр дээрх өсөлтөд нөлөө үзүүлэхээр байна.
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Замбиа улсуудын түр хугацаагаар ашиглагдаагүй хүчин чадлыг дахин ашиглах, шинээр хэрэгжих төслүүд, төслийн өргөтгөлүүдийн үйлдвэрлэл эхлэх нь 2018 оны өсөлтөд хувь нэмрээ оруулна.
- Эскондида, Грасберг зэрэг уурхайнуудын үйлдвэрлэл сэргэснээр баяжмал болон SX-EW технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өснө. Конго Улс дахь Камото уурхайн ашиглалт дахин эхэлснээр SX-EWтехнологийн үйлдвэрлэлийг өсгөнө. Энэ нь Чили зэрэг улсуудад SX-EWтехнологийг ашиглах нь буурч байгаагаас давсан өсөлтийг авчирна.
- Шинээр хэрэгжих төслүүд, төслүүдийн өргөтгөлөөс үүдэлтэй өсөлт нь зарим орнуудын үйлдвэрлэлийн бууралтыг нөхөх тул 2019 онд дэлхийн зэсийн олборлолтын хэмжээ тогтвортой, өөрчлөлтгүй байх төлөвтэй байна.
Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэл 2018 онд 4 хувиар, 2019 онд 1 орчим хувийн өсөлттэй байх хандлагатай байна:
- 2017 онд томоохон зэсийн үйлдвэрүүдийн төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй түр зогсолтууд, SX-EW технологи бүхий үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн бууралт нь Чили, Япон, АНУ зэрэг голлох үйлдвэрлэгч орнуудын цэвэр зэсийн үйлдвэрлэлийг ихээхэн бууруулж, дэлхийн хэмжээнд 0.7 хувийн өсөлттэй байхад хүргэсэн. (гэхдээ хаягдал металлын нийлүүлэлт өссөн нь дэлхийн хоёрдогч түүхий эдийн зэсийн үйлдвэрлэлийг 5 хувиар өсгөсөн.)
- 2018 онд электролизийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ 2017 оны үзүүлэлтээс өсөх, SX-EWтехнологийн үйлдвэрлэл сэргэх хандлагатай, баяжмалын ханган нийлүүлэлт хэвийн байх зэргээс үүдэн цэвэр зэсийн үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5.5 хувиар өснө. Энэ нь хаягдал металл ашиглах хоёрдогч түүхий эдээс зэс үйлдвэрлэх үйлдвэрлэлийн 2 хувийн уналтаас давсан үзүүлэлт болно.
- 2018 болон 2019 онуудад БНХАУ нь дэлхийн цэвэр зэс үйлдвэрлэлийн өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлэгч улс хэвээр байх болно. Конго Улс хоёр дахь томоохон нөлөөлөгч орон байна.
- БНХАУ-аас бусад орнуудын дүнгээр 2017 онд 2 хувиар буурсан цэвэр зэсийн үйлдвэрлэл нь 2018 онд ихээхэн сэргэх хандлагатай байна.
- Баяжмалын ханган нийлүүлэлтийн хомсдол нь электролизийн аргаар боловсруулсан зэсийн үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлөх тул 2019 онд дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлт саарах хандлагатай.
Дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ 2018 онд 3 хувь, 2019 онд 2.2 хувь өсөх хандлагатай байна.
- Орчин үеийн технологийн дэвшил, эдийн засагт зэс нь маш чухал үүрэг гүйцэтгэх тул зэсийн эрэлт, хэрэгцээ цаашид тогтвортой нэмэгдэх болно. БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэлхий нийт цэвэр эрчим хүчийг эрхэмлэх болсон зэрэг нь зэсийн эрэлт, хэрэгцээг цаашид нэмэгдүүлнэ.
- Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, 2018 болон 2019 онуудад тогтвортой өсөх төлөвтэй.
- Өнгөрсөн оны 10 дугаар сарын төлөвтэй харьцуулахад дэлхийн болон БНХАУ-ын эдийн засаг эерэг төлөвтэй байгаа нь 2018, 2019 онуудад дэлхийн цэвэр зэсийн хэрэглээний өсөлтийг нэмэгдүүлэн тооцоход хүргэсэн.
- БНХАУ нь дэлхийн зэсийн хэрэглээний өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн хэвээр байх болно. БНХАУ-ын зэсийн эрэлт, хэрэгцээ 2018 онд 3.5 хувь, 2019 онд 2.5 хувиар тус тус өсөхөөр байгаа нь шинжээчдийн таамаглалтай нийцэж байна.
- Европын Холбоо, Япон, АНУ-ын зэсийн зах зээлийн төлөв эерэг хэвээр байна. 2017 онд 0.5 хувийн өсөлттэй байсан БНХАУ-аас бусад улсын зэсийн хэрэглээ 2018 онд 2.5 хувь, 2019 онд 1.9 хувийн өсөлттэй байх төлөвтэй.
Дэлхийн цэвэр зэсийн тэнцлийн таамаглалаар 2018 онд 40,000 тн орчим илүүдэлтэй байх бол 2019 онд 330,000 тн зэсийн дутагдалтай байх төлөвтэй.
- Зэсийн үйлдвэрлэл, хэрэглээнд янз бүрийн хүчин зүйлүүд нөлөөлж болзошгүй тул дэлхийн зах зээлийн тэнцэл таамаглаж байснаас өөрчлөгдөж болохыг ОУЗСГхүлээн зөвшөөрч байна. Урьдчилан таамаглах боломжгүй үйл явдлуудын улмаас зах зээлийн бодит тэнцэл нь ОУЗСГ-ын таамаглаж байснаас өөр байж болохыг саяханы жишээ харуулсан.
- ОУЗСГнь дэлхийн зах зээлийн тэнцлийг тооцоолохдоо бүртгэгдээгүй зэсийн нөөцийн өөрчлөлтийг тооцоогүй БНХАУ-ын эрэлт, хэрэгцээний дүнг ашигладаг. БНХАУ-ын зэсийн эрэлт, хэрэгцээг зөвхөн бүртгэгдсэн нөөцийн мэдээлэлд тулгуурлан боловсруулдаг бөгөөд бүртгэгдээгүй зэсийн нөөцөд гарсан өөрчлөлтийг харгалзан үздэггүй. Энэхүү бүртгэгдээгүй зэсийн нөөц нь ихээхэн хэмжээтэй, дэлхийн зэсийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд өөрчлөлт оруулах нөлөө үзүүлж болох юм.
- ОУЗСГ-ын одоогийн төсөөллөөр 2018 онд 40,000 тн зэсийн илүүдэлтэй байна. 2017 оны 10 дугаар сард хийсэн уулзалтын үеэр бид 2018 онд 100,000 тн зэсийн дутагдалтай байна гэж төсөөлж байсан. Ийнхүү илүүдэлтэй байх нь цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлт өмнө нь төсөөлж байснаас өндөр байгаатай холбоотой. 2019 оны хувьд зах зээл дээр 330,000 тн зэсийн дутагдалтай байхаар байгаа нь хэрэглээний өсөлт үйлдвэрлэлийн өсөлтөөс давахтай холбоотой.
Олон улсын зэсийн судалгааны группын дараагийн уулзалт
ОУЗСГ-ын дараагийн уулзалт Португали Улсын Лиссабон хотноо 2018 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Судалгааны группын Хамтарсан семинар 10 дугаар сарын 3-ны өдөр болно.
Дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ, нийлүүлэлтийн таамаглал
(мянган тонн, зэс)
2019 он хүртэлх төсөөлөл |
|||||||||
Бүсээр
(‘000 тн Сu) |
Олборлолт |
Цэвэр зэс бүтээгдэхүүн |
Цэвэр зэсийн хэрэглээ |
||||||
2017 |
2018 |
2019 |
2017 |
2018 |
2019 |
2017 |
2018 |
2019 |
|
Африк |
1,962
|
2,188
|
2,469
|
1,278
|
1,434
|
1,659
|
208
|
210
|
213
|
Хойд Америк
|
2,647
|
2,720
|
2,820
|
1,847
|
1,875
|
1,980
|
2307
|
2349
|
2387
|
Латин Америк
|
8,395 |
8,663 |
9,116 |
2,937 |
3,111 |
3,151 |
438 |
447 |
457 |
ASEAN-10
|
1,957
|
2,221
|
1,953
|
1,045
|
1,122
|
1,263
|
1,155
|
1,156
|
1,199
|
ASEAN/CIS-аас бусад Азийн орнууд |
2,432
|
2,507
|
2,682
|
12,066
|
12,645
|
13,296
|
15,386
|
15,929
|
16,329
|
Ази-CIS |
840
|
861
|
871
|
438
|
438
|
438
|
103
|
106
|
106
|
Европын Холбоо |
957
|
951
|
945
|
2,729
|
2,758
|
2,796
|
3,238
|
3,321
|
3,344
|
Европын бусад орнууд |
839 |
875 |
927 |
1,163 |
1,187 |
1,214 |
925 |
950 |
960 |
Нийт |
20,028 |
20,984 |
21,782 |
26,503 |
24,570 |
25,796 |
23,758 |
24,468 |
24,995 |
Өөрчлөлт % |
-1.6% |
3.2% |
0.4% |
0.7% |
4.3% |
0.6% |
0.7% |
3.0% |
2.2% |
Дэлхийн цэвэр зэсийн зах зээлийн тэнцэл (Хятадын хэрэглээний суурь) |
-254 |
43 |
-331 |
Эх сурвалж: Олон улсын зэсийн судалгааны байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нийтэлсэн хэвлэлийн мэдээ