“Баялгийн хараал”-д өртөөгүй Норвегийн туршлага
Сүүлийн үед манайхан “баялгийн хараал” гэж их ярих болсон. Байгалийн нөөц баялагтай улс бүхэнд заавал “хараал” тусах албагүй гэдгийг АНУ, Канад, Австрали, Норвеги улсууд баталсан. Харин ч эдгээр улс өөрсдийн нөөц, баялгийг зөв ашиглаж, экспортлон баяжиж болно гэдгийг харуулсан юм.
Норвеги улс өнөөдөр байгалийн хийн экспортоор ОХУ-ын дараа дэлхийд хоёрт, харин нефтийн экспортоор зургаадугаар байранд ордог. Энэ улс санхүүгийн хямрал нүүрлэсэн аймшигт 2009 онд төсвийн эерэг сальдо (тодорхой хугацаан дахь орлого, зарлагын зөрүү) хадгалж үлдсэн манай гарагийн цорын ганц улс юм. Нефтийн экспортын өндөр орлогын дүнд Норвегийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2009 онд 9.9% байсан бол энэ үзүүлэлт 2010 онд 10,3% болж нэмэгджээ.
Норвегийн хуримтлалын норм (хөрөнгө оруулалтыг ДНБ-ий үнэд харьцуулсан үзүүлэлт) 25-30%-д хүрчээ. Ер нь энэ үзүүлэлтээр тус улс II дайнаас хойшхи бүх үеийн туршид тэргүүн байрыг Япон, Финляндтай хуваалцаж ирлээ.
Норвегийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 59100$-д хүрч, дэлхийд 6-д жагсаж байна. Амьдралын түвшин өндөр Норвеги улс Европын холбооны гишүүн биш, элсэхийг ч хүсдэггүй.
Зарим тоймчид үүнийг баян чинээлэг норвегичүүд баялгаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй байгаагийн илрэл гэж үздэг. Гэхдээ тэдний элбэг дэлбэг амьдралын шалтгаан нь зөвхөн Хойд далайн нефтийн нөөц гэж та боддог бол эндүүрчээ.
Тэд харин ч баялгаас хараат бус эдийн засгийг байгуулж чадсан юм. Сүүлийн 10 жилийн турш их хэмжээний нефть олборлосны зэрэгцээ түүхий эдийн үнэ өндөр байсныг ашиглан байгалийн нөөцтэй хамааралгүй салбаруудаа дэлхийн даяар эрчимтэй хөгжүүлэх болжээ.
Иймээс байгалийн баялаг норвегичүүдэд хараал авчраагүй, харин ч хангалуун амьдралыг бэлэглэсэн юм. Норвегийн гайхамшгийн нууцыг мэдэхийн тулд энэ улсын хүчирхэг эдийн засаг, нийгмийн хөгжингүй салбарын хүчин зүйлсийг нэг бүрчлэн судалж үзэх хэрэгтэй.
Норвегийн хүн ам: 4'937'000
Газар нутгийн хэмжээ: 385'186км²
Нийслэл: Осло хот
1.БАЙГАЛИЙН БАЯЛАГ, НӨӨЦ
Норвеги улс нь нефть, байгалийн хий, төмрийн хүрд, зэс, цинк, никель, уран, алт, мөнгө, ой модоор баян. Энд мөн усан цахилгаан станцыг өргөн хөгжүүлж байгаа. Норвегичүүд нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэмжээгээр дэлхийд 1-р байр эзэлдэг.
2. ЭДИЙН ЗАСГИЙН УХААЛАГ, ТООЦООТОЙ БОДЛОГО
Норвегийн эдийн засгийн гол онцлог нь холимог байдагт оршдог. Өөрөөр хэлбэл чөлөөт эдийн засгийг төрийн өргөн оролцоотой зохистой хослуулж чадсан юм.
Эдийн засагт төрийн сектор асар том үүрэгтэй. Норвегийн ажил хийдэг гурван хүн тутмын нэг нь энэ салбарт ажилладаг. Сангийн сайд Кристин Халворсен “Төрийн салбар хямралыг даван туулахад маш их дэмжлэг болсон. Яагаад гэвэл зах зээлийн эрс хэлбэлзэл, гэнэтийн давалгаанд нэг ёсны баталгаа болж байлаа” гэж дүгнэсэн байдаг.
Норвегичүүд банкуудаа маш хатуу, чанд хянадаг. Эдийн засгийн гол түлхүүр салбар болох түлш, хөдөө аж ахуй, загасны аж ахуйг ч бас төр хяналтад авч, орлогоо дахин хуваарилдаг.
3.ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИНГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Норвегт хөлөг онгоц, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон цах металлург, цах хими, целлюлозно-цаасны салбар өндөр хөгжжээ. Энэ улс асар олон хүрхрээтэй. Иймээс тэдгээрийг ашиглан усан #цахилгаанстанц барьж, маш хямд эрчим хүч үйлдвэрлэдэг. Орон нутгийн цахилгааны хэрэглээний 99%-ийг усан цахилгаан станц хангадаг гээд төсөөл дөө.
Энд мөн нар болон салхи, далай тэнгисийн гээд сэргээгдэх эрчим хүчний бүхий л төрлийг хөгжүүлж, улмаар дэлхийд тэргүүлэгч болж чадсан байна. Норвегийн эдийн засгийн суурь нь урьдын адил нефть-хийн үйлдвэрлэл. Гэхдээ энэ улс #мэдээлэлхарилцаа #технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болжээ. Ер нь Норвегийн эдийн засаг өрсөлдөх чадвараараа дэлхийд эхний 5-д багтдаг.
4.ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН ЭДИЙН ЗАСАГ
Норвегийн дотоод зах зээл манай Монгол шиг жижиг. Тэд энэ онцлогоо харгалзан, бүх үйлдвэрлэлээ байгалийн нөөц болон бараа бүтээгдэхүүнийг боловсруулан, экспортлоход чиглүүлжээ.
Сонирхолтой нь Норвеги улс үйлдвэрлэсэн байгалийн хийнхээ зөвхөн 5%-ийг өөрсдөө хэрэглэдэг юм байна. Мөн энэ улс нефть, байгалийн хий, хөнгөн цагаан, ферро хайлшны Европ дахь гол нийлүүлэгч болж чаджээ. Норвеги улс эх орондоо үйлдвэрлэсэн цаас, целлюлозын 90%-ийг экспортолдог.
Энэ жижиг улс тэмээн хяруулын хамгийн том экспортлогч орон юм. Норвегичүүд дэлхийн 140 оронд загас нийлүүлдэг болжээ. Түүнчлэн тэдний худалдааны флот дэлхийд 5-д жагсдаг гэвэл та итгэх үү?
5.ЭДИЙН ЗАСАГТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС НОЁРХДОГ
Норвегийн нийт аж ахуйн нэгжийн 99,6 хувийг жижиг, дунд бизнес ЖДБ эзэлдэг. Эдгээрийн аж ахуй нэгжийн олонхи нь төрийн оролцоотой жижиг, дунд үйлдвэрүүд эзэлдэг.
Нийт ажилчдын 73,8% нь жижиг, дунд үйлдвэрт ажилладаг аж. Хэдийгээр умард туйлын улс боловч энд аялалжуулчлал өргөн хөгжсөн байна. Норвегийн 1000 орчим музей болон онгон дагшин байгаль, цэвэр ариун гол нуурыг үзэхээр жилд 5-6 сая жуулчин ирдэг аж. Мөн загас үржүүлэг, далайн гаралтай бүтээгдэхүүний дахин боловсруулалт, цана тэшүүрийн үйлдвэрлэл, завь, спортын хэрэглэл, зочид буудлын үйл ажиллагаа зэрэг салбар маш хүчирхэг хөгжжээ.
6. АЖИЛ ХЭРЭГЧ, ТААТАЙ БИЗНЕСИЙН ОРЧИН
Норвеги улс бизнесийн таатай орчин бүрдүүлж чаджээ. Хувийн бизнес эрхлэхийг хүсэгчид энд буцалтгүй тусламж хүртэх эрхтэй. Хамгийн гол нь тэд хэрэв зээл авбал бизнесээ хөл дээр бостол татвар төлөх шаардлагагүй.
Энд компани дампуурна гэсэн ойлголт байхгүй. Хамгийн хүнд нөхцөлд ч тэсээд гардаг. Учир нь Норвегит төрөл садны холбоо их үүрэгтэй, мөн төрөөс дэмжлэг үзүүлдэг. Зээл ч хүртээмжтэй. Компаниа бүртгүүлэх маш амархан. Бичиг баримтаа бүрдүүлээд тусгай байгууллага руу явуулахад хэсэг хугацааны дараа шуудангаар хариу ирдэг. Иймээс Норвеги улс өмчийн бүртгэлээр дэлхийд 5-д ордог аж.
Энэ улсад лиценз бүртгэл татварын баримт бүрдүүлэлтийн үнэ дэлхийд хамгийн хямдхан нь. Норвегт шинэ төсөл татаас олгох асуудлыг судлахад 2-3 сар л зарцуулдаг. Гэрээний биелэлтээр Норвеги дэлхийд 4-т жагсдаг.
Татварын болон төрийн бусад байгууллагатай харьцах харьцаа маш тунгалаг. Ямар ч ил далд татвар, мөнгө, АВИЛГА хээл хахууль байхгүй. Transparency International-н мэдээгээр Норвеги улс авлигын индексээр дэлхийд 10-д оржээ.
Гэтэл манайд байгалийн баялаг ба авлигыг ихэр ах дүүс гэх хэлэх шахдаг даа.
Норвеги нь дэлхийн төлбөрийн чадвар өндөр оронд тооцогддог. Иймээс Европын зах зээлтэй харьцуулахад ирээдүйтэй гэж үзэн хөрөнгө оруулагчид их ирдэг.
НОРВЕГИЙН ЖАНЖИН БОДЛОГО-ЫН ОНЦЛОГ
Орчин үеийн Норвегийн түүхийг зөвхөн нефть, байгалийн хийн тухай өгүүлдэг гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Эдгээр баялаг тус улсын татварын 36%, экспортын бүх орлогын 51%-ийг л өгдөг.
Норвегчүүд байгалийн баялгаа маш зөв зүйтэй ашиглаж, оновчтой хуваарилж чаджээ. Үүнд: 1971 онд буюу Хойд тэнгист нефть илрүүлснээс хэдхэн жилийн дараа л Норвегийн парламент эрчим хүчний салбарт баримтлах жанжин шугам, гол бодлогоо баталсан. Энэ бодлогын гол агуулга нь нефть зөвхөн ард түмэнд харъяалагдах ёстой.
Иймээс Үндэсний нефть олборлогч компанийг байгуулсан байна. Норвегийн олон нийт хамгийн дээд хэмжээний татвар, төлбөр төлөхийг нефтийн болон байгалийн хийн байгууллагуудаас шаарддаг.
Төрийн тэтгэврийн санг байгуулсан. Нефтийн орлогын энэ тусгай сан дэлхийд хамгийн томд орох буюу 450 тэрбум доллартай. Норвегийн Засгийн газар нефтийн борлуулалтаас олсон хэт ашгаа энд хуримтлуулдаг аж. Учир нь Statoil гэхэд л валютын ашгийнхаа 78%-ийг төрд өгдөг. Үнэндээ дээрх санг тэтгэврийн гэж тооцохооргүй маш өвөрмөц.
Яагаад гэвэл норвегичүүд нефть зэрэг байгалийн баялгаа шавхаж дууссаны дараа амар амгалан амьдрах хөрөнгөө одооноос цуглуулж байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл Норвеги улс нефтийн мөнгийг үндэсний эдийн засгаасаа бүрэн тусгаарлажээ. Тус сан энэ мөнгөө зөвхөн гадаадын үнэт цаасуудад оруулдаг. Тэгэхдээ бүр дэлхий даяар.
Норвегчүүд хөрөнгийнхөө 60%-ийг хувьцаанд оруулж, харин 40%-ийг нь Америк, Африк, Европ, Азийн облигаци болгожээ. Тэгэхээр энэ жижигхэн улс дэлхийн бүх үнэт цаасны 0,8%-ийг эзэмшдэг гэсэн үг.
Норвегийн Засгийн газар дээрх мөнгийг дотоодод огт зарцуулдаггүй.
Манайхан шиг том ордон, тансаг машин худалдаж авах нь байтугай дэд бүтцээ хөгжүүлэх, эмнэлэг барихад ч зарцуулдаггүй. Тэр бүү хэл бензиний үнийг бууруулах болон үнэгүй боловсрол олгохдоо ч энэ мөнгөнд гар хүрдэггүй.
Норвегт нефть, байгалийн хийн борлуулалтын зөвхөн 4% нь тухайн жилийн төсөвт ордог. Энэ тоо хямралтай холбогдон 7% болох зэргээр нэг бус удаа нэмэгдсэн. Мэдээж, энэ байдал зарим норвег хүнд таалагддаггүй гэнэ. Учир нь улс орон даяар орчин үеийн авто зам барих шаардлагатай болж, эмнэлгийн үйлчилгээ авахаар удаан оочирлож зогсож байгаа аж.
Гэтэл Засгийн газар яг харамч эр шиг байгалийн баялгийн орлогоо хав дарж байдгийг эсэргүүцэгчид байдаг.
Бусад орноос ялгаатай нь Норвегит бүх юм олон нийтийн хатуу хяналтан дор байдаг. Нефть, хийн компаниуд өөрсдийн орлого, татвар, бонусыг тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэлж байх үүрэгтэй. Яагаад гэвэл норвеги хүн бүр “нефтийн мөнгө”нь гадаадын ямар хувьцаа, облигацид орсныг мэдэх эрхтэй.
Түүнчлэн Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч эгэл иргэд нь мэдэж байдаг. Энэ бүхнийг олон улсын аудитийн компани шалгаж, олон нийтийн байгууллагууд идэвхтэй хянадаг.
Норвеги түүхий нефть гэхээсээ боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр гаргадаг учраас дээд зэргийн ашиг олдог аж. Хямралаас өмнө Норвегийн нефть, хийн салбарын хөрөнгө оруулалт жилд 15%-иар нэмэгдэж байв. Харин энэ жил Засгийн газар дээд хэмжээгээр буюу 25 тэрбум долларыг тухайн салбарт оруулахаа мэдэгдлээ. Товчхондоо “баялгийн хараал” заавал биелэх албагүйг орчин үеийн Норвеги улс баталлаа. Үнэндээ энд байгалийн баялаг гол үүрэг гүйцэтгэдэггүй аж.
Хамгийн гол нь нөөц, баялгаас олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулахад л оршиж байдаг бололтой. Улс орны хүн ардын сэтгэлгээний түвшин, том бизнесийг хянах чадвар нь орлогын хуваарилалт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй эрх баригчдын шийдвэрт нөлөөлөхүйц байж чадахыг Норвеги улс нотолж байна.
Нийтлэлч АШИМ. /UNGU.MN/