Гадаадад тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст батламж гардууллаа
Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, геологийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд УУХҮЯ, БСШУСЯ, АМГТГ хамтран зохион байгуулсан сургалтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст өчигдөр /2018.07.17/ батламж гардуулах ёслол боллоо. Гадаадад 100 хувийн тэтгэлгээр суралцах батламжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга М.Баяраа, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал нар гардуулан өгсөн юм.
2018-2019 оны хичээлийн жилд сонгон шалгаруулалтад оролцсон 16 оюутан бакалаврын сургалтад тэнцжээ. Харин магистрын сургалтад хамрагдахаар нийт 19 иргэн бүртгүүлснээс, сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүнд 2018-2019 онд гадаадад сурах батламж олгосон байна.
Батламж гардуулахдаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болохоор шаваа тавьсан түүхэн цаг үед гадаад улсад газрын тосны чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдсанд баяр хүргээд, эх орныхоо төлөө өөрсдийгөө дайчлан хичээн суралцаж, шилдэг боловсон хүчин болж ирэхийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.