Мэндчилгээ
Монгол Улсын геологи хайгуулын салбарт хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулан, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийнгеологичид, инженер-техникийн ажилтнууд,ахмад буурлууд, эрдэмтэд, судлаачид Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний түүхт 79 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнынэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.
Тэртээ 1939 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн хуралдааны тогтоолоор “Уурхай ба ашигт малтмалын трест” байгуулагдан Үндэсний геологийн салбарын шавыг тавьснаас хойш геологичдын алхны дуу өнөөг хүртэл эх нутгийн маань өнцөг булан бүрт тасралтгүй цуурайтсаар байна.
Үе үеийн геологичдын нөр их хөдөлмөр зүтгэлээр бий болсон Эрдэнэт, Цагаан суваргын зэс-молибден, Цав, Улааны холимог металл, Баян даваа, Жанчивлангийн цагаан тугалга, гянтболд, Заамар, Бороогийн алт, Асгатын мөнгө, Төмөртэй, Төмөртийн овоогийн төмөр, Бүрэнхааны фосфорит, Бэрх, Бор-Өндөрийн хайлуур жонш, Налайх, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Тавантолгой, Нарийн сухайтын нүүрс, Дорнод, Гурванбулаг, Мардайн уран, Оюутолгойн зэс-алтны зэрэг мянга мянган орд, илрэлүүдийг нээн илрүүлснээр тэдгээрийг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, Эрдэнэт, Дархан, Багануур, Хөтөл, Чойр зэрэг томоохон хот суурингууд сүндэрлэн боссон нь Та бүхний эх орныхоо хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, судалгаа шинжилгээний ажлын үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид эдийн засгийг тэтгэх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг тогтвортой байлгах зорилгоор геологийн салбарыг манлайлуулан хөгжүүлэх бодлогыг салбарын яамны зүгээс баримтлан ажиллаж байна.
Монгол Улсын Геологийн салбарын хөгжлийн түүхийг бүтээсэн эх нутгаа танин мэдэх чин хүслээр жигүүрлэсэн үе үеийн геологич, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүддээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсч, цаашид улам ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, урам зориг дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД
ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР