УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав зарим улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсан Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Луис Шмидт Монтесийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Чили улсууд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрэн байгааг тэрбээр дурдлаа. Уулзалтын үеэр ойрын хугацаанд хоёр орны уул уурхайн асуудал эрхэлсэн яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцож, монгол оюутнуудыг уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр Чили Улсад тэтгэлгээр суралцуулах боломжийг судалж байгаагаа чилийн тал илэрхийллээ.
Мөн геологи хайгуул болон уул уурхайн үйлчилгээний салбарт чилийн компаниуд олон улсын төвшинд амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улстай ч энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд Луис Шмидт Монтесдурдав. Монгол Улсын Засгийн газраас зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгааг дэд сайд Д.Загджав дурдаад, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан. Чили Улс нь сэргээгдэх эрчим хүчний чухал түүхий эд болох зэс, лити зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй, дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг билээ. Дэд сайд Д.Загджав Элчин сайд Луис Шмидт Монтесийн цаашдын ажилд өндөр амжилт хүсч, хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
ХБН Бразил улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескитаг хүлээн авч уулзлаа
Мөн өдөр дэд сайд Д.Загджав Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескитаг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахыг дэд сайд Д.Загджав хүслээ. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ тодорхой нэг төсөл, хөтөлбөрт тусгайлан анхаарал хандуулж, төслийн саналаа ойрын үед ирүүлэхээ Элчин сайд Паулу Эстивалле Де Мескита илэрхийллээ. Энэ нь талуудын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавина гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд дурдлаа.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ