“Mongolia Mining 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг УУХҮ-ийн дэд сайд нээж үг хэллээ
“Хариуцлагатай уул уурхай-Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулж буй “Mongolia Mining 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг энэ сарын 10-12-ны өдрүүдэд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнг УУХҮЯ, АМГТГ, МҮХАҮТ, “Оюутолгой” ХК-ийн дэмжлэгтэйгээр “Майнэкс Монголиа” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж буй юм.
“Mongolia Mining 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд Канад, Чех, Австрали, АНУ, Герман, Казахстан, Турк зэрэг 20 гаруй орны 150 орчим компани уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, техник технологийн үйлчилгээгээ танилцуулж байна.
Олон улсын уул уурхайн үзэсгэлэнг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, 2018 оны байдлаар экспортын бүтээгдэхүүний 87 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувийг дангаараа бүрдүүлж байна.
2019 оны эхний хоёр сарын байдлаар 8.0 сая тн нүүрс, 239.1 мян.тн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 1.5 сая тн буюу 23.1 хувь, зэсийн баяжмал 30.9 мян.тн буюу 14.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 32.6 мян.тн буюу 9.3 хувь, цайрын баяжмал 1.0 мян.тн буюу 6.7 хувиар тус тус өссөн байна” гэлээ.
Мөн тэрбээр “Mongolia Mining 2019” үзэсгэлэн хариуцлагатай уул уурхайг дэмжин, “Хариуцлагатай уул уурхай–Тогтвортой хөгжил” уриан дор болж байгаа нь уул уурхайн салбарын нийгмийн болон байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэн, байгаль орчинд халгүй техник, технологийг нэвтрүүлэх, ашигт малтмалаас олох орлогыг оновчтой, зөв хуваарилах төрийн бодлоготой нийцэж буйг цохон тэмдэглэхийг хүсч байгаагаа хэлсэн юм.
Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр УУХҮЯ, АМГТГ, МҮХАҮТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХК, “IRIM”зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотой “Хариуцлагатай уул уурхай- Тогтвортой хөгжил” сэдэвт семинар хийгдэнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.