Сайд Д.Сумъяабазар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр (2019.08.13) Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцан ажиллаж байгаа билээ.
Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.
Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно.
Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг 2018 оны 2 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд төмөр зам, авто зам болон цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах төслүүдийг энэ оны 09 дүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Үйлдвэрийн барилга-угсралтын ажилд 2020 онд 1000, 2021 онд 2000, 2022 онд 2000, 2023 онд 2000 орчим инженер, техникийн болон туслах ажилтан оролцоно хэмээн тооцоолсон бөгөөд тэдгээрийг ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах үүргийг Монголын тал хүлээгээд байгаа. Иймд Дорноговь аймгийн Сайншанд суманд 550 айлын орон сууц бүхий газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоныг энэ оны III улиралд эхлүүлэн 2022 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.